Гэмт хэргийг заавал зохион байгуулалттайгаар, урьдчилан төлөвлөж хийдэггүй. Санамсар, болгоомжгүй үйлдлийнхээ төлөө торны цаана суух болсон тохиолдол тоймгүй. Тэр дундаа хүүхэд, өсвөр наснынхан болчимгүй, ухамсаргүй үйлдлээсээ болж хавтаст хэрэг нээлгэсэн тохиолдол энд тэнд гардаг. Үүний нэг нь дэлхийн түүхэнд хамгийн бяцхан гэмт хэрэгтэн хэмээн тэмдэглэгдсэн франц охин Франсуа Бертильон аж.
1893 оны аравдугаар сарын 17-нд төрсөн тэрбээр нэг ой, 11 сартайдаа сагс дүүрэн лийрийг “хулгайгаар” идсэн гэнэ. Хэрэгтнийг сувдаг сэдэлтээр бусдын эд зүйл шамшигдуулсан хэмээн онцолжээ. Үнэн, худлыг тодруулах боломжгүй ч ямартай ч ийм нэгэн зураг интернэтэд тавигдсан байна. Охины эцэг Альфонс Бертильон шүүхийн ажилтан байсан бөгөөд бие бялдрын өгөгдлөөр хэрэгтнийг тодорхойлдог мэргэжилтэн байсан гэнэ. Тэрбээр наргиан болгон хүүхдийнхээ зургийг ингэж авсан гэсэн тайлбар ч байна.
Дэлхийн хамгийн залуу гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад бичигдсэн өөр нэг хэрэгтэн бол өдгөө 15 настай Жордан Браун. Хэвлийдээ дүүг нь тээж байсан хойд эхийгээ хөнөөх үедээ тэрбээр 11 настай байжээ. АНУ-ын Пенсильвани мужид болсон эл хэргийг хоёр жилийн турш мөрдөн, шалгасны эцэст Жордан Брауны буруутай нь тогтоогдсон бөг өөд түүнийг насанд хүрээгүй гэж ялыг хөнгөлөөгүй юм байна. Шүүгч Доминик Мотто түүнд насаар нь хорих ял оноожээ. Хойд эхийгээ буудаж, хөнөөх болсон шалтгаанаа тэрбээр “Хэрэв дүү төрвөл би өөрийн гэсэн өрөөгүй болж, хайр халамжаар дутахаас айсан” гэж мэдүүлжээ. Жордан Браун Америкийн түүхэнд хамгийн залуу гэмт хэрэгтэн, хамгийн хатуу шийтгүүлсэн хүүхэд гэж тэмдэглэгджээ. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагынхан түүнд ногдуулсан ял дэндүү хатуудсан талаар мэдээлж, 1998 онд Арканзас мужийн дунд сургуульд болсон явдалтай харьцуулан, дээд шүүхэд өргөдөл гаргаж байжээ.
1998 онд мөн л 11 настай Эндрю Голден хэмээх хүү сургуулийн байранд буутай нэвтрэн, таван хүнийг хороосныхоо төлөө 10 жилийн ял авсан аж. Өсвөр насны хүү хоёр охиныг хороосон өөр нэгэн хэрэг 1944 онд гарчээ. Тэр үед 15 настай байсан, африк гаралтай Жорж Стиннийг шүүх хурал ердөө 2.5 цаг үргэлжилж, гэрчээр шүүх эмнэлгийн эмч, тухайн үед хэргийн газарт байсан гэх хоёр хүнийг л оролцуулж, гэр бүлийнхнээс нь ямар ч мэдүүлэг аваагүй гэнэ. Тэр ч бүү хэл хүүгийн гэр бүлийнхнийг хэрэг гарсны маргааш өдөр гэхэд хотоос нүүхийг шаардаж, нэг ч удаа уулзуулаагүй аж.
Түүнийг Өмнөд Каролинагийн “Колумби” шоронд 1944 оны зургадугаар сарын 14-нд цаазалжээ. Тухайн үед Стиннийг буруугүй, хөрөнгөтэй хүмүүсийн золиос болсон гэж үздэг хүмүүс байсан гэнэ. Үүнээс гадна хүүгийн төрөл төрөгсөд түүний хэргийг дахин нягтлахыг хүссэн өргөдлийг хэдэн жилийн өмнөөс холбогдох байгууллагуудад гаргаснаар энэ оны нэгдүгээр сарын 21-нд хэргийг дахин хэлэлцэхээр болжээ.
Э.ХАНА