Интернэт кафе, тоглоомын газруудыг 19.00 цаг хүртэл ажиллуулах тухай Засгийн газрын тогтоолыг эсэргүүцсэн иргэд өчигдөр Чингисийн талбайд жагслаа. “Залуусын чөлөөт цагийг хязгаарлаж болохгүй”, “Цахим тоглоомоор 16-35 насныхан тоглодог”, “Оройн 19.00 цагаас хойш залуучууд хаачих вэ” гэсэн бичиг бүхий лоозон барин эсэргүүцлээ илэрхийлэгчдийн олонх нь цахим тоглоомын газар ажиллуулдаг иргэд. Тэд Засгийн газарт хандан гаргасан шийдвэрээ хүчингүй болгох шаардлага тавив.
“Бага насны хүүхдүүд интернэт тоглоом тоглодоггүй. Хараа хяналтгүй, бага насны хүүхдүүдийг хонуулж тоглуулдаг газар тун цөөн бий. Цөөн хүнээс болж интернэт, РС тоглоомын газар ажиллуулдаг 700 орчим хүнийг хохироож, амьдралаа залгуулдаг бизнесийг нь үгүй хийж байна. Ийм арга хэмжээ авснаар олонх тоглоомын газрууд далд арга руу шилжиж, хууль бус үйл ажиллагаа явуулахад хүрнэ” гэж тэмцэгчид хэлж буй.
Засгийн газар тэдний шаардлагыг хүлээн авч, шийдвэрээ буцаахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэж тэд мэдэгдээд буй юм.
Ч.МӨНХЗУЛ