Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга суманд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоогоод байгаа. Гэтэл тус аймгийн Дарьганга сумын IV багийн иргэн М гарал үүслийн гэрчилгээгүй 27 бярууны хоёр тонн мах Улаанбаатарт авчран зарахаар ачиж яваад баригдлаа. Түүнийг “Бонго” маркийн машинд малын мах ачин, нийслэл рүү явж байхад нь Багануур дүүргийн шалган нэвтрүүлэх постод саатуулан, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэв. Малын гоц халдварт өвчин гарсан газраас нууцаар мах тээвэрлэсэн тул “Бонго” машиныг нь хурааж, махыг нь шинжлүүлээд эрүүл бол улсын орлого болгох, өвчтэй бол устгахаар шийдвэрлэжээ. Сүхбаатартай хил залгаа Хэнтий аймгийн иргэд шүлхий өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Мал эмнэлгийн мэргэжилтнүүд энэ сарын 7-ноос Хэрлэнгийн гүүрэн дээрх постод ажиллан, Сүхбаатар аймгаас дамжин өнгөрч буй машин техникийг ариутган, халдваргүйжүүлж байна. Тус аймгийн Онцгой комисс хуралдаад “Сумдын бүх мал, амьтанд эрүүл мэндийн үзлэг хийх шаардлагагүй. Зөвхөн Сүхбаатартай хил залгаа Галшар, Баянхутаг сумын салаа туурайт мал, амьтанд тандалт хийе” гэж шийдвэрлэжээ. Энэ дагуу Ажлын хэсэг гарган, Галшар сумын гурван багийн 101 тэмээ, 2840 үхэр, 24928 хонь, 19180 ямаанд, Баянхутаг сумын хоёр багийн 32 өрхийн 189 тэмээ, 1560 үхэр, 14914 хонь, 7949 ямаанд үзлэг хийжээ.
Баянхутаг сумын байгаль хамгаалагч, багийн дарга нараас бүрдсэн Ажлын хэсэг цагаан зээрэнд тандалт хийж байгаа агаад одоогоор өвчний сэжиг илрээгүй гэнэ. Үүнээс гадна Бор-Өндөр сумын иргэдийг Сүхбаатар аймаг руу явахыг хориглож, Сүхбаатар, Дорноговь болон Галшар, Хэнтий, Зүлэгтийн чиглэлийн замд тус тус нэг пост гарган мал эмнэлэг, цагдаа, онцгой байдлын нийт зургаан мэргэжилтэн томилон ажиллуулж байгаа аж.
Б.БАЯСАЛМАА