Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох “Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, болон Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарыг АТГ-т шалгуулна” гэж “Дөрвөлжин Содбилэг” ТББ-ынхан өчигдөр мэдээллээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол агуулга нь далай аварга цолыг хасах тухай. Далай аварга цолыг хасчихвал даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга болох юм. Уг төслийг санаачлагчид ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд тухайн орон нутгаас нэр дэвшихийн тулд нутгийнх нь бөхийг дархан аварга цолонд хүргэж, далд авлига өгч байна хэмээн “Дөрвөлжин Содбилэг” ТББ үзэж байгаа аж.
Мөн Монголын үндэсний бөхийн холбоо болон дархан аваргуудыг начны найраанд оролцож, мөнгө авсан баримтыг АТГт хүргүүлнэ гэлээ.
Б.ЦОГТБАЯР