БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны өндөр албан тушаалтнууд зам тээврийн осолд орж гэмтсэн талаар цагдаагийн байгууллагын баттай эх сурвалж мэдээллээ. Уг осол шинийн 2-нд буюу энэ сарын 1-нд болсон гэнэ.
ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Бидний нэрлэж заншсанаар Хойд Солонгос буюу БНАСАУ-ын Элчин сайд болон өөр нэг албан тушаалтан Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байгаа. Элчин сайдын хөл нь гэмтсэн, нөгөө ажилтны цээж, хэвлий гэмтсэн оноштойгоор эмчлүүлж байна. Чухам ямар осол болсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг мэдэхгүй. Хэн жолоо барьж явсныг ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албанд шалгаж буй байх” гэлээ.
Өөр нэг эх сурвалж “Элчин сайд Хон Гю гэх хүн осолд орсноо нууцалсан уу, эсвэл олны анхааралд өртөхгүй гэсэн үү албан тушаалаа хэлэлгүй ирж хэвтсэн. Түүний дараахан ЭСЯ-наас нь ГССҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхбаярт мэдэгдсэнээр Ц.Энхбаяр эмч өөрөө ирж, Элчин сайдыг Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж, шаардлагатай эм тариа, бусад зүйлээр хангахыг үүрэгдсэн. Түүнд шаардлагатай бүхий л эмчилгээг хийж байна. Хоёр хүний биеийн байдал сайн байгаа. Элчин сайдыг удахгүй мэс засалд оруулах байх” гэлээ.
Г.РАВЖАА