“Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, ахлах мэргэжилтэн Т.Мөнхсүрэн, Санхүүгийн удирдлагын газрын Хөрөнгө зохицуулалтын газрын теллерээр ажиллаж байсан Х.Мандах нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн мягмар гаригт хэлэлцэж шийдвэрлэлээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад теллер Х.Мандах нь “Арилжааны хэлцэл хийж, валют арилжина” хэмээн хуурамч баримт бүрдүүлэн банкаа болон иргэн Аудел, Наранцэцэг нарыг мэхэлжээ. Тэрбээр хуурамч баримт бүрдүүлэн авсан их хэмжээний валютаараа маржин арилжаанд оролцож, ханшийн зөрүүнээс үүдсэн алдагдалд орж, мөнгөө буцааж авч чадахгүй болжээ. Тиймээс иргэдээс болон банкнаасаа авсан мөнгөө төлөхийн тулд иргэн Ж.Бямбацогтын ажиллуулдаг банк бус санхүүгийн байгууллагаас 954 сая төгрөгийг хувийн шугамаар эхнэрийнхээ дансаар дамжуулан авсан аж. Тэрбээр хуурамч баримт бүрдүүлэхдээ тус банкинд ажиллаж байгаагүй хүнийг төлөөлж, өөрөө гарын үсэг зурсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
“Анхан шатны шүүхээс банкны захирал А.Ариунболд болон ахлах мэргэжилтэн Т.Мөнхсүрэн нарын албан үүрэгтээ хайнга хандсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байна хэмээн хэрэгсэхгүй болголоо. Харин шүүгчдэгч Х.Мандахын банкны хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь таван жил нэг сар, бусдыг залилан мэхэлсэн үйлдэлд нь 10 жил нэг сарын хорих ял шийтгэж, хоёр зүйлчлэлийг нь нэмж нэгтгээд биеэр эдлэх ялыг 10 жил нэг сар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ” гэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн Олон нийттэй харилцах ажилтан Л.Мөнхтуяа мэдээллээ.
Харин шүүхийн шийдвэрийн талаар “Капитал” банкны Бизнес хөгжлийн газрын захирал Б.Ганбаатар, Хуулийн хэлтсийн хуульч Б.Батжаргал нар өчигдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Зарим хэвлэлд бичсэнчлэн банкны удирдлага, гүйцэтгэх захирал нь мөрийтэй тоглоод хоёр тэрбум төгрөг алдаагүй. “Капитал” банктай хэлцэл хийсэн харилцагчдад мөнгөн хохирол учраагүй гэдгийг хэлье. Иргэн Х.Мандах бусдаас авсан мөнгөө өөрөө төлөх шүүхийн шийдвэр гарсан. Тодруулбал, шүүхээр тогтоогдсон 924 сая төгрөгийг иргэн Б-д төлнө. Уг хэргийг шүүх үнэн зөв шийдвэрлэсэн” гэлээ.