- Жастин Каплад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэв -
Удаан хугацааны турш шалгасан “South Gobi Sands” компанийн захирал Жастин Каплад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалж мэдээллээ. Түүнийг АМГ-ын даргаар ажиллаж байгаад албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр ял шийтгүүлсэн Д.Батхуяг нарт холбогдох хэрэгт шалгаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулахын тулд хэргийг нь тусгаарласан юм. Ингэж шалгаж байгаад 2013 оны сүүлчээр харьяаллын дагуу УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн аж. “South Gobi Sands” компанийн захирал Жастин Каплаг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган шалгаад Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилж үүлсэн” гэж Мөрдөн байцаах газрын эх сурвалж хэллээ.
Уг хэргийг шилжүүлэхтэй холбогдуулж сар шинийн өмнөхөн Жастин Каплаг өмгөөлөгч, орчуулагчийнх нь хамт УМБГ-т дуудаж, хавтаст хэрэгтэй нь танилцуулсан гэнэ. Үүнтэй зэрэгцээд АНУ-ын сенатын хоёр ч гишүүн ЭСЯ-аараа дамжуулж “АНУ-ын бизнес эрхлэгч, “South Gobi Sand”-ийн ерөнхийлөгч Жастин Каплаг Монголоос гарах эрх олгохыг хүссэн” захидал ирүүлснийг сэжигтэн “Блүүмбэрг”-т дамжуулан өгсөн гэх мэдээлэл олны анхаарлын төвд байна. Мөрдөгчид түүнийг АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэрэгт холбогдуулж, 2012 оны аравдугаар сараас хойш шалгаж эхэлснээр Монголоос гарахыг нь хориглосон юм.
Улсын хилээр гарах хоригийг цуцлахыг хүссэн АНУ-ын сенатчдын захидалд хууль хяналтын байгууллагынхан ямар хариулт өгсөн талаар эх сурвалжуудаас тодруулахад “Түүнийг хилээр гарах эрх олгохыг хүссэн хэд хэдэн хүсэлт АНУ-ын ЭСЯ, Сенатын гишүүдээс ГХЯ, ХЗЯ-аар дамжуулж ирүүлсэн нь үнэн. Тухай бүрт нь бид дээрх яамдаар дамжуулан “Боломжгүй” гэсэн хариулт өгсөн” гэв.
Г.РАВЖАА