Монголд сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэргийн олонх нь ахуйн хүрээн дэх гэр бүлийн хүчирхийлэл, архи хэтрүүлэн хэрэглэх явдалтай холбоотой гэсэн судалгааны дүн бийг хууль хяналтын байгууллагынхан хэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл хэмээх нэр томъёо манай нийгэмд 1990 оноос хойш хэрэглэгдэх болсон. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч чадал, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харьцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг хэлнэ хэмээн тодорхойлсон байгаа.
Хэл амаар доромжлох, айлган заналхийлэхээс эхлээд бие махбодод хүнд гэмтэл учруулах, бэртээж гэмтээхээр заналхийлэх, айлган сүрдүүлэх, албадах, мөрдөж мөшгөх, хэл амаар доромжлох гээд нэлээд олон оролдлогыг гэр бүл дэх хүчирхийлэл гэж үзэх ёстой хэмээн хуульчид үздэг. Энэ бүх томъёололд багтсан нэгэн хүчирхийлэл үзүүлэгч эр эцэстээ эхнэрээ эрүүгийн хэрэгтэн болгосон гашуун түүх хөдөөгийн нэгэн аймагт тохиожээ. Гашуун боловч үнэн түүхийг иргэд ухамсарлаж, хойшид харилцаандаа нэгийг бодоосой гэсэндээ үүнийг бичиж байна. Энд дурдагдаж буй аймаг, хүний нэрийг өөрчилсөн болно.
ШИДСЭН ЧУЛУУ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛОХ ЗАМД ХӨТЛӨВ
Нэгэн аймгийн Сум дундын шүүх 2013 оны зургадугаар сарын 17-нд иргэн Н.Саруулхүүгийн гаргасан нэхэмжлэлтэй эхнэр Б.Баяртуяагаас гэр бүлээ цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэхээр товложээ. Гэвч хэргийг шүүн хэлэлцэх шүүгч солигдсон тул хурлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан байна. Шүүх хурал хойшилсон тул нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхээс гарч, хариуцагч Б.Баяртуяа ажил руугаа алхав. Аймгийн төвийн Нутгийн захиргааны ордон, шүүхээс холгүй тул тэрбээр унаа машин ч бодсонгүй. Тэгтэл түүний араас нөхөр болох Н.Саруулхүү өөрийнхөө байнга унадаг “Дайхацу” маркийн автомашинаасаа гарч иржээ. Тэд хэсэгхэн зуур шүүх хурлын талаар ярилцаж, ам мурийсан байна. Энэ үед Н.Саруулхүү эхнэрээ Нутгийн захиргааны ордны өмнө элдвээр доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр хараажээ. Түүгээр ч зогсохгүй эхнэрийнхээ хувцас хунараас зулгааж татан, гар утсыг нь булаан авч, мессежүүдийг нь уншиж байгаад хэрэгтэй зүйлээ олоогүйдээ тэр үү, бутартал нь шидэж орхихыг олон хүн харж байв. Цайны цаг болж, Нутгийн захиргааны ордонд ажилладаг таних, танихгүй олон хүн тэдний энэ байдлыг харан, гайхах нь гайхаж, цэрвэх нь цэрвэцгээж байлаа. Залуу, шаралхуу эмэгтэй олны нүдэн дээр нөхөртөө элдвээр доромжлуулан хараалгасандаа биеэ барьж чадсангүй. Нөхрийнхөө энэ үйлдлийг таслан зогсоохын тулд хөлдөө тээглэсэн атгын чинээ чулууг аван нүүлгэж орхив. Тонгойж чулуу аваад өндийхийн зуурт нөхөр нь машиндаа сууж амжина хэмээн яахин санах билээ. Харалгүй шахам шидсэн чулуу “Дайхацу” маркийн автомашиных нь салхины шилийг будаа болгов. Ингээд Б.Баяртуяа бүсгүй ажил руугаа гүйж, нөхөр нь “Машины цонх төлж өг” гэсээр араас нь уурлаж, уухилан орж ирсэн байна.
Уг нь монгол эр хүнийг уужуу ухаан, ноён нуруутай хэмээн магтдаг. Гэвч энэ үг Н.Саруулхүүгийн хувьд юу ч биш байж, түүний ноён нуруу автомашины салхины шилэн дээр “хугарчээ”. Уг нь эхнэр нь хийсэн үйлдэлдээ санаа зовж, машиных нь шилийг төлж өгье хэмээжээ. Харамсалтай нь Н.Саруулхүүд уужуу ухаан байсангүй юу, эсвэл энэ явдлыг далимдуулан хүүхдийнхээ эхээс салах шалтаг болгосон уу. Тэрбээр эхнэрийнхээ эсрэг гомдол гаргасны дагуу аймгийн Цагдаагийн газраас Б.Баяртуяад Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг санаатай эвдэж устгасан” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татлаа. Аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, хохирлыг нь орон нутгийн хөрөнгийн үнэлгээний байгууллагаар тогтоолгожээ. Аймгийн хөрөнгийн үнэлгээний байгууллага автомашины салхины шилийг 350 мянган төгрөг хэмээсний дагуу Б.Баяртуяа мөрдөн байцаалтын явцад хохирлыг барагдуулсан аж.
САЛХИНЫ ШИЛЭЭ ТӨЛҮҮЛЭХДЭЭ БИШ ХЭРЭГТЭН БОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙВ УУ
Залуу хүмүүс аль маргалдаж муудалцахыг хэлж барах вэ. Энэ бүхэнд хэн хэн нь уужуу ухаан гаргавал хэрүүл зодоонд хүрэлгүй эвтэй найртай амьдарч болно шүү дээ хэмээн сэтгэл судлаачид хэлж байна. Гэвч энэ тохиолдолд нөхөр болох Н.Саруулхүү “сонин зан” гаргажээ. Хохирлоо төлүүлчихсэн, автомашин нь бүрэн бүтэн болсон байхад эр хүний зан гаргаж, гомдлоо татаж авахгүй явсаар хоёр жил хамт амьдарч, хүүхдийг нь төрүүлсэн бүсгүйг хэрэгтний ширээний ард суулгаж, шүүхээр ял шийтгүүлж дөнгөв. Магадгүй ингэж ял шийтгүүлсэн нь гэр бүлээ салгахад амар байсан биз. Учир нь эхнэр нь гэр бүлээ цуцлуулах хүсэлгүй, иргэний хэргийн шүүх хурлын үед “Гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байна” хэмээн мэдүүлж байж. Харин нөхөр нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байсан нь 2013 оны гуравдугаар сард болсон асуудалд өширхсөндөө ийм алхам хийсэн бололтой.
Тэр үед Н.Саруулхүү эхнэртээ хэд хэдэн удаа “гар хүрчээ”. Үүнд нь уурссан Б.Баяртуяа цагдаад гомдол гаргасан ч гэр бүлийн маргаан гээд цагдаагийн байгууллага нэг их анхаарч үзээгүй аж. “Намайг зодож зовоодог” хэмээн өргөдөл гаргасны дагуу цагдаагийн байгууллага шалгасан. Тэр үед надтай хамт амьдрах л гэж байгаа бол цагдаагаар шалгуулахгүй байсан гэсэн бодол төрөөд шүүхэд гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргасан юм” хэмээн Н.Саруулхүү мэдүүлжээ.
Ингээд Сум дундын шүүх Б.Баяртуяад холбогдох, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэх хэргийг 2013 оны аравдугаар сарын 24-нд хэлэлцэж, Б.Баяртуяад нэг жилийн хорих ял оноож, түүнийгээ мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан чулууг устгахаар тогтоолд заасан байна. Аймгийн шүүх шүүгдэгч Б.Баяртуяа болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Харин Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид энэ хэргийг хянаад шүүгдэгч Б.Баяртуяаг цагаатгажээ. Ингэхдээ хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг тал талаас нь шинжлэн судалсны дүнд хуульд нийцсэн шийдвэр гаргаж чадсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ хэргийг шийдэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэрэг маргаанд оролцогч талуудын оролцоо, санаатай устгах гэмт хэргийн шинж чанар байсан эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна гэж Дээд шүүх үзжээ. Гэр бүлийн харилцаанаас улбаатай маргааны эхлэлийг гэрийн эзэн Н.Саруулхүү тавьсан нь хавтаст хэрэгт цугласан баримт болон гудамжинд эхнэрээ олны нүдэн дээр хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, хувцас хунарыг нь зулгааж татсан зэргээс харагдаж байна. Харин шүүгдэгч Б.Баяртуяагийн чулуу авч шидсэн нь олны нүдэн дээр тэсвэрлэшгүй байдалд оруулсан нөхрийнх өө доромжлолын эсрэг хийсэн үйлдэл болохоос биш, эд зүйлийг нь устгах санаа сэдэл байгаагүй гэж хяналтын шатны шүүх дүгнэжээ. Иймээс ч түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээн Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид шийдвэрлэсэн байна.
Эндээс харахад Дээд шүүхийн шүүгчид хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнээгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг шүүгдэгч тал хүлээн зөвшөөрч, эсэргүүцээгүй бол нэгэн эмэгтэйн амьдралд ял эдэлж байсан гэх бараан толбо үлдэх байв.
Г.АРИВЖИХ