“Цэвэр агаар сан”-гийн удирдлагуудад холбогдох хэргийг Дүүргийн анхан шатны I шүүх хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгч нь хуралд оролцох боломжгүй байсан, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан зэрэг шалтгаанаар хойшлоод байгаа билээ. Н.Хүрэлсүх нарын 11 хүнийг “Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөөс 2012 онд сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” дансаар 116 сая, “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар 21 сая төгрөг ажлын хөлс нэрээр шилжүүлэн завшсан. “Тара” ХХК-ний дансаар 1.5 тэрбум төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр, 100 сая төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар шилжүүлж зориулалт бусаар зарцуулсан. 2011 онд 240 сая төгрөг түлш нийлүүлэх гэрээ нэрээр гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, онц их хэмжээний хохирол улсад учруулсан хэмээн буруутгаж буй билээ. Уг хэргийн 11 холбогдогчийн дунд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн гэргий яллагдагчаар татагдаад байгаа гэнэ.
Тодруулбал, МХЕГ-ын улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Гэрэл гэх эмэгтэйг албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн аж. УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн гэргий дээрх хэрэгт холбогдсон бол гишүүн өөрөө иргэдийн сонгуулийн эрхийг зөрчс өн хэрэгт бас холбогдсон юм. Түүнийг Монгол МАН-аас 2012 оны УИХ-ийн сонгуулийн зургадугаар тойрог буюу Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшин, сурталчилгаа хийж байх үедээ мөнгө тараасан хэрэгт буруутгасан байна.
Мөрдөн байцаалтын явцад 2012 оны зургадугаар сарын 24-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Жарангийн худаг, Цайдам гэх газарт сонгогчидтой уулзах үеэр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “Сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлтэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, “Намайг болон Монгол ардын намайг дэмжээрэй” гэж иргэн Т.Батжаргал, Ч.Баярсайхан, Ш.Алтангэрэл, Г.Чойдовдаш, Д.Цогзолмаа нарт тус бүр 100 мянга, Г.Санжаад 40.000 төгрөг өгсөн хэмээн түүнийг буруутгаж буй аж.
Г.РАВЖАА