Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх Ч.Гансүх, Т.Галмандах, Б.Жаргал, Б.Энхбат нарын 13 хүнд холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр хэлэлцэхээр товлоод байсан юм. Хуралдаан эхэлж, өмгөөлөгч, прокурорын хүсэлтийг сонсоход гурван өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьжээ. Тухайлбал, шүүгдэгч ШШҮТ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Жаргалын өмгөөлөгч К.Бауржан Улсын дээд шүүхэд хурал давхацсан хэмээн ирэх боломжгүйгээ мэдэгдсэн бол шүүгдэгч, Татварын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг БНСУ-д ахыгаа эмчилгээнд авч явсан тухайгаа шүүхэд мэдэгджээ.
Татварын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Г.Энхбатын өмгөөлөгч С.Жанцан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүх хурал давхацсан хэмээн холбогдох баримтаа хүргүүлсэн байна. Түүнчлэн шүүгдэгчдийн өмгөөлөгч нар дээрх хэрэгт дүгнэлт гаргасан шинжээчдийг хуралд оролцуулах хүсэлт гаргасан бол шүүгдэгч Х.Хандсүрэнгийн өмгөөлөгч Г.Тунгалаг ОХУ-ын иргэн Максим Викторович Платоновыг гэрчээр оролцуулах санал гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс дээрх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг ирэх сарын 17-ны 09.30 цаг хүртэл хойшлууллаа.
Г.РАВЖАА