Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өчигдөр “Цэвэр агаар” сангийн гэх тодотголтой Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох хэргийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд хийхээр товлосон юм. Хуралдаан 10.20 цагт эхэлж, шүүх бүрэлдэхүүн улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчдийг оролцуулан хэлэлцэх үед шүүгдэгч М.Хулангийн өмгөөлөгч Б.Энхзаяа шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргажээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд хүлээн авах, эсэх асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэдэг. Ийм учраас шүүх хуралдаан хойшилсон аж. Дашрамд дурдахад, Н.Хүрэлсүх нарт холбогдох хэргийн шүүх хурал шүүхийн үйл ажиллагаанаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гурав дахь удаагаа хойшлоод байна.
Г.ОРЧЛОН