Монголчуудын цагаан сарын гол идээний нэг болсон хэвийн боовыг хятадууд хямдхан үйлдвэрлэдэг болжээ. Саяхан Эрээн яваад ирсэн хамаатан маань идээ засах хэвийн боовоо Хятадаас авчрав. Улаанбаатарт ширхгийг нь 2100-2600 төгрөгөөр зарж буй хэвийн боовноос ялгаагүй харагдах тэр боовыг Эрээнд ширхгийг нь 1100-1200 төгрөгөөр зарж байна гэнэ.
“Юугаар, яаж хийснийг нь мэдэхгүй ч хоёр дахин хямдхан байсан болохоор авчихлаа. Мантуу хийдэг цав цагаан гурилаараа хийсэн байх. Наймаанд явж байгаа монголчууд бүгдээрээ л Эрээнээс хэвийн боовоо авч байна лээ. Надтай хамт явсан хоёр хүн ч бас авсан” хэмээн тэрбээр ярив.
Цагаан сараар хэрэглэх хадаг, бэлэг, чихэр гээд цай аягалах аяга, идээ засах тавгаа хүртэл Эрээнээс зөөдөг бид энэ жилээс Хятадад “хэвлэсэн” хэвийн боовоор идээгээ засаж эхлэх нь. Энэ янзаараа бол ирэх жилээс ааруул, буузны мах, ууц, өвчүүгээ бас Эрээнээс авах дэг ээ. Тэр үед Монголын гэх юм үлдэх болов уу.
Х.БОЛОР