-ЭМЯ-ны хоёр албан тушаалтныг үүнд буруутган шалгаж байна-
Тэтгэвэрт гарсан өндөр настнууд үр ачаа тойруулан гэртээ сууж насыг элээдэг. Үр хүүхэд цөөнтэй, эсвэл хөлөө хучуулах хүүхэдгүй, үр хүүхэд нь асрах боломжгүй нэг хэсэг нь Батсүмбэрийн асрамжийн газарт үлдсэн амьдралаа өнгөрөөдөг. Эцэг эхээ хүндлэх, тэднээ асрах монгол ёс бий ч ачлалгүй нь үүнийг умартаж, нэг хэсэг нь ажил төрлийн цаг заваас болоод тэр бүр анхаарал хандуулж чаддаггүй нь өнөөгийн нийгмийн байдаг үзэгдэл болсон. Тийм ч учраас өтгөс буурлууд тэтгэврийн хэдэн бор төгрөгөө хураах нэг нь хурааж, үр хүүхдээсээ авах нэг нь аваад бие тэнхээ нь чилээрхэхийн цагт таягаа тулан эмнэлэг, сувилал барааддаг.
Улсын хэмжээнд эмнэлгийн асаргаа сувилгаа шаардлагатай, хэвтэрт байдаг өндөр настан 20-иод мянга байдаг гэсэн судалгаа бий. Ахмад настанд эмчилгээ сувилгаа үзүүлэх үйлчилгээтэй Геронтологийн үндэсний төвийг Эрүүл мэндийн яамны дэргэд байгуулсан. Гэвч тус төв одоог хүртэл өөрийн гэсэн байргүй явж ирэв. Эрүүл мэндийн яамны 2011 оны төсөв, төлөвлөгөөнд ахмадын эрүүл мэндийн төв буюу Геронтологийн төвийн 60 ортой барилгыг барьж ашиглалтад оруулахаар тусгасан ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм. Хүн амын насжилт болон хөгшрөлтийг судалдаг Геронтологийн төв дэргэдээ эмнэлэгтэй болчихвол манай улс ахмад настнуудад зориулсан тусгай үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн төвтэй болох сайн талтай. Дэлхийн жишигт нийцсэн ийм үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам ажлаа эхэлсэн ч өнөөг болтол барьж босгоогүйн шалтгаан юу байв.
САНХҮҮЖИЛТИЙНХЭЭ 90 ХУВИЙГ АВСАН Ч БАРИЛГЫН АЖИЛ ТАЛДАА Ч ОРООГҮЙ БАЙНА
Эрүүл мэндийн салбарт 2011 оноос хойш олон барилга барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж, шав, суурийг нь тавьж, сайд дарга нар тууз хайчлан, ёслол үйлдсэн ч ашиглалтад орсон нь цөөхөн. Тухайлбал, 60 ортой Геронтологийн төвөөс гадна түүнтэй хаяа нийлэн барьж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил гээд нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн зориулалттай найман барилга ашиглалтад ороогүй бол орон нутагт 30 барилга баригдаагүй хоёр он дамжиж байна. Геронтологийн төвийн барилга барих тендерийг анх 2011 оны хоёрдугаар сард зарлаж, “Арвис интернэйшнл” гэх компани шалгарчээ. Улмаар эмнэлгийн барилгыг 2012 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад оруулах гэрээ байгуулсан аж. Гэвч барилгын гүйцэтгэгч компани юу ч хийгээгүй шахам байхад ашиглалтад оруулах товлосон хугацаа нь болоод ирж. Мэдээж аливаа барилга, байгууламжийг барихад хөрөнгө мөнгөний асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Харамсалтай нь ЭМЯ, Сангийн яамныхан санхүүжилтийг нь хугацаа хожимдуулж шийдсэнээс товлосон цагтаа амжсангүй.
ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаныхан өөрсдийн гэмээ ойлгон, гүйцэтгэгч компанийн толгойг илж, 2013 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруул хэмээн хугацааг нь хойшлуулжээ. 2013 оны арванхоёрдугаар сар болоход Геронтологийн төвийн барилга бахь байдгаараа, карказ нь боссон хэвээрээ. Уг нь ЭМЯ-наас 2011 онд тус төвийн барилгын ажлыг эхлүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барихаар тусгасан байж. Гэвч барилгын материал, цемент, арматур төмрийн үнэ нэмэгдсэн учраас 4.7 тэрбум төгрөг болгож, нэмэлт санхүүжилт олгохоор болсон гэх юм билээ. “Арвис интернэйшнл” компани санхүүжилтийнхээ 90 хувийг авсан ч барилгын ажил нь талдаа ч ороогүй нь хачирхалтай.
ЭМЯ-НЫ АЛБАН ТУШААЛТНУУД ХУУРАМЧ ГҮЙЦЭТГЭЛ БАТАЛГААЖУУЛСАН УУ
Геронтологийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад ялсан “Арвис интернэйшнл” компани барилгын ажлынхаа нэлээд хэсгийг амжуулсан хэмээн захиалагч талаас санхүүжилтээ нэмж авчээ. Гүйцэтгэгч компанийг авсан санхүүжилтдээ тохируулж ажлаа шуурхай хийхийг захиалагч талаас удаа дараа шаардсан ч биелүүлдэггүйгээс гадна нэмж 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт нэхсэн гэх мэдээлэл ч бий. Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Оюунханд 2013 оны сүүлчээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төлөвлөсөн ёсоор бол барилгын ажил бараг 90 гаруй хувьтай байх ёстой ч одоогийн байдлаар дөнгөж 47 хувьтай байна” хэмээсэн. Барилгын ажил яагаад удааширч байгаа талаар “Арвис интернэйшнл” компанийн эрх бүхий албан тушаалтан “2011 онд тендер зарлахдаа 2005 оныхоор төсвийг нь тооцоолсон байсан. Барилгын ажлын явцад нэмэлт санхүүжилт олгохоор болсон” гэжээ. Харин тус компанид нэмэлт санхүүжилт олгосон эсэх талаар ЭМЯ-ны албан тушаалтан “Яамнаас санхүүжилт шилжүүлэхгүй байна гэдэг нь үндэслэлгүй. Бид хийсэн гүйцэтгэлийг нь хянаж шалгаад хангалттай гэж үзвэл санхүүжилтийг шилжүүлдэг” хэмээсэн байна.
Өнгөрсөн намар Эрүүл мэндийн сайдын тушаалаар тусгай Ажлын хэсэг гарч, ашиглалтад орохгүй удааширч байгаа эмнэлгийн зориулалтын барилгын ажилтай танилцаад хэд хэдэн компанийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болжээ. Тэдний дунд “Арвис интернэйшнл” компани байгаа юм. ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтны өгсөн мэдээллээр Говь-Алтай аймгийн Цээл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Гуулин тал”, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэгч “Бэржин-Уньт”, Геронтологийн үндэсний төвийн барилгын гүйцэтгэгч “Арвис интернэйшнл”, Дорнод аймгийн Хэрлэн сумын Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгын гүйцэтгэгч “Эйч Жи Эй”, Архангай аймгийн Өгийнуур сумын 10 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэгч “Хасу мандал”, Дорноговь аймгийн Сайншанд сумын 50 ортой Төрөх эмнэлгийн барилгын гүйцэтгэгч “Монинжбар” компанийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулахын зэрэгцээ, “хар жагсаалт”-д оруулж, барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг холбогдох яаманд хүргүүлээд байгаа гэнэ. 60 ортой Геронтологийн төвийн барилгатай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж.
Бидэнд олдсон мэдээллээр ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд “Арвис интернэйшнл” компанитай холбоотой ЭМЯ-наас гаргасан гомдлыг шалгаад тус компанийн удирдлага Геронтологийн төвийн барилгаас 587 сая төгрөгийг завшсан байж болзошгүй нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах байгууллагаар шалгуулах үндэслэлтэй гэж үзжээ. Улмаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн аж. Шалгалтын явцад Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албаны эрх бүхий албан тушаалтан Дамдиндорж, Нэргүй гэх хоёр хүн албан тушаалдаа хайнга хандсан, эсвэл албан тушаалаа урвуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Уг хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Геронтологийн төвийн барилгатай холбоотой эрүүгийн хэргийг АТГ-т шалгаж байна. Энэ хэрэгт “Арвис интернэйшнл” компанийн захирал Ё.Пүрэвдаваа болон ЭМЯны хоёр албан тушаалтныг шалгаж байгаа нь үнэн. Уг хоёр албан тушаалтан нь гүйцэтгэгч компанийн гаргасан хуурамч тайланг баталгаажуулж, гарын үсэг зуран 600 орчим сая төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдоод байгаа” гэв.
Г.ЦОЛМОН