БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү, “МоХөТэ” компанийн захирал Б.Баттулга тэргүүтэй БХЯ, ГХЯ-ны албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Зэвсэгт хүчний алба хаагчдад зориулж Монгол цэргийн музейн зүүн талд барьж буй арван давхар, дөрвөн орон сууцны санхүүжилттэй холбоотойгоор дээрх хүмүүсийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн 72 цаг саатуулсан. Шүүх тэднийг заавал цагдан хорих шаардлагагүй гэж үзэн өнгөрсөн долоо хоногийн эхээр батлан даалтад гаргасан юм. Харин зарим хэвлэлд батлан даалтад гарсан зарим хүн, тэр дундаа “МоХөТэ” компанийн захирал Б.Баттулга хилээр гарч явсан тухай мэдээлсэн байв. Энэ талаар АТГ-ын эрх бүхий албан тушаалтнаас тодруулахад “БХЯ, ГХЯ-ны газар, хэлтсийн дарга нарыг батлан даалтад гаргаж, шалгаж байгаа. Уг хэргийн мөрдөн байцаалт улсын нууцтай холбоотой учраас янз бүрийн мэдээлэл өгөх боломжгүй. Уг хэрэгт холбогдсон зарим хүнийг хилээр гарсан тухай мэдээлэл хэвлэлд гарсан нь ташаа. Сэжигтнээр шалгуулж буй нэр бүхий хүмүүсийг хилээр гарахыг хориглож, хилийн бүх боомтод хүргүүлсэн” гэлээ.