Токио хотын Чиёода дүүрэгт орших 10 давхар барилгыг Монголын “Авар” компани худалдан авах тухай мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард цацагдсан. Тус компани дуудлага худалдаанд оролцон, 5.01 тэрбум иен санал болгож дээрх барилгыг авах болсон тухай уг мэдээлэлд дурдаж байв. Гэвч Токио дүүргийн шүүхээс өнгөрсөн пүрэв гаригт Пхеньяныг дэмжигч солонгос иргэдийн Япон дахь ерөнхий холбоо буюу “Чонгрён” хэмээх байгууллага байрлаж байсан уг барилгыг худалдан авахыг хориглосон шийдвэр гаргасан гэж japantimes. co.jp цахим хуудсанд мэдээлжээ.
“Авар” компанийн бүрдүүлсэн бичиг баримтын заримыг нь хүчин төгөлдөр бус хэмээн үзсэн бололтой. Тус шүүхийн ажилтны хэлснээр гурав дахь дуудлага худалдааг удахгүй зохион байгуулах гэнэ.
Дашрамд дурдахад, дээрх холбоо дампуурч, 62.7 тэрбум иений өртэй болсон тул Японы шүүх уг барилгыг дуудлага худалдаагаар борлуулж, өрийг нь барагдуулах шийдвэрийг 2012 онд гаргасан аж. Эхний дуудлага худалдаа өнгөрсөн оны гуравдугаар сард болоход Японы нэгэн буддын сүм 4.5 тэрбум иен (45 сая ам.доллар)-ээр авахаар болсон ч хөрөнгөө босгож чадаагүй гэнэ.
Улмаар хоёр дахь дуудлага худалдааг аравдугаар сард зохион байгуулахад хоёр компани оролцсон бөгөөд “Авар” компани илүү үнэ санал болгосон юм байна. Тухайн үед “Авар” компанийн захирал Ч.Эрдэнэбат “Манай компани аль нэг улсын Засгийн газар, компанитай холбоогүй, цэвэр бизнесийн байгууллага” хэмээн мэдэгдэж байв.
Ц.БОЛОРМАА