Баянгол дүүрэгт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 874 аж ахуйн нэгж байдаг. Тэдний нэг “New mass” шөнийн цэнгээний газар сүүлийн үед байнга хэл ам татлах болжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа А.Амармөрөнгөөс тодрууллаа.
-“New mass” гэх шөнийн цэнгээний газрынхан ямар хууль тогтоомж зөрчөөд байна вэ?
-“Их үйлсийн оргилд” ХХК-ийн “New mass”шөнийн цэнгээний газрынхан өнгөрсөн онд удаа дараа хууль, журам зөрчиж байсан. Тиймээс Баянгол дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс болон Цагдаагийн I хэлтсээс Архидан согтуурахтай тэмцэх хуулийг хэрэгжүүлэх зорилгоор удаа дараа шалгалт хийж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу зургаан удаа торгосон юм.
-Удаа дараа торгоод байхад зөрчлөө арилгахгүй байгаа бол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож болдоггүй юм уу?
-Тус цэнгээний газрын эзэн өмнөх гаргасан зөрчлөө арилгахгүй, цаг хэтрүүлэн ажиллаж байсан тул согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг Баянгол дүүргийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд дөрвөн ч удаа хүргүүлсэн. Уг саналыг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2013 оны арванхоёрдугаар сарын 19-ний А/222 дугаар тушаалаар “New mass” шөнийн цэнгээний газрын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
-Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болчихоод байхад энэ баар ажиллаад байгаа хэрэг үү?
-Тус цэнгээний газрын тусгай зөвшөөрхийг хүчингүй болгосонтой холбогдуулан компанийнх нь захиралд албан мэдэгдэл өгсөн. Мөн дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нэгдүгээр сарын 2-нд шалгахад үйл ажиллагаагаа зогсоосон байсан. Гэтэл энэ сарын 17-нд үйл ажиллагаа явуулж байсан тул худалдан борлуулж байсан архи, согтууруулах ундааг нь хурааж, улсын орлого болгохоор шилжүүллээ.
Г.РАВЖАА