“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын найман хүнд холбогдох хэргийг Дүүргийн анхан шатны I шүүх хоёр өдрийн турш хэлэлцээд, уржигдар 21.30 цагийн үед шийдвэрээ танилцуулсан юм. Дүүргийн анхан шатны I шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгав. Мөн Ц.Мөнхбаярын бусдыг дарамталж, эд зүйлийг нь авахаар далайлган сүрдүүлсэн гэх гэмт хэрэг нь нотлогдохгүй байна хэмээн хэрэгсэхгүй болгожээ.
Харин эрх бүхий албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулахад нөлөөлөх зорилгоор олон нийтэд аюултай аргаар хүч хэрэглэхээр зохион байгуулалттайгаар заналхийлж, зандалчилсан нь тогтоогдсон гэж үзээд Ц.Мөнхбаярт 20 жил зургаан сар, Ж.Ганболд, Г.Болдбаатар, С.Дашцэрэн, Д.Төмөрбаатар нарт тус бүр 20 жил нэг сар хорих ял оноов. Түүнээс гадна Ц.Мөнхбаяр, Ж.Ганболд, Г.Болдбаатар нарыг галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авч, хадгалсан нь нотлогдсон хэмээн Ц.Мөнхбаярыг таван жил зургаан сар, нөгөө хоёрыг нь таван жил нэг сарын хорихоор яллав. Ингээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оноосон хорих ялуудын заримыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Мөнхбаярын биечлэн эдлэх ялыг 21 жил зургаан сар Ж.Ганболд, Г.Болдбаатар нарын ялыг 21 жил нэг сар, С.Дашцэрэн, Д.Төмөрбаатар нарыг 20 жил нэг сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр боллоо. Тэдний холбогдсон гэмт хэрэгт нь онц хүнд ангилалд багтдаг ч шүүх бүрэлдэхүүн яллагдагчдын нас, биеийн эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлд заасан зандалчлах хэмээх заалтыг өмнө нь шүүхийн практикт хэрэглэж байгаагүй. Харин мөрдөн байцаалтын явцад хоёр дахь удаагаа хэрэглэсэн нь энэ хэрэг. Өмнө нь 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ШӨХТГ-ын дарга О.Магнай нарын хүмүүст энэ зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон юм. Зандалчлах зүйл заалтын хоёр дахь хэсэгт шүүгдэгчийг 20-25 жил хорих юм уу, цаазаар авах ялаар шийтгэхээр тусгасан. Харин анхан шатны шүүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан цаазаар авах ялаас татгалзах уриалгыг дэмжсэн үү, юутай ч ялын дээд хэмжээ оноосонгүй, хорих ялын дэглэмийг нь ч бууруулав.
Шүүхийн шийдвэрээр тэдний хэрэглэхийг завдсан гар бөмбөг, тротил зэргийг ЗХЖШ-т шилжүүлэхээр болсон. Харин түүнийг тэдэнд худалдсан М.Мөнхболдыг хоёр жил хорих ялаар шийтгэв. Шүүхийн дээрх шийдвэртэй холбогдуулж, өчигдөр зарим ТББ болон Ц.Мөнхбаяр, Ж.Ганболд нарын ар гэрийнхэн сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Цэрэнханд Тэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Засгийн газарт шаардлага тавьсан. Гэтэл өнөөдөр 22 жил хорих ял оноолоо. Тэдний хийсэн үйлдэл бол аргаа барсны эцэст хийсэн алхам байсан. “Урт нэртэй” хуулийг Ц.Мөнхбаяр өөрөө санаачилж, батлуулах гэж маш их хүчин чармайлт, цаг хугацаа зарцуулсан. Энэ хуулийн зорилго бол иргэдээ голтой, ойтой, устай үлдээх юм шүү дээ. Шүүх хурлын явцаас харахад шүүхийнхэн дээрээс өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлэх шиг санагдсан” гэв.
“Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагын ОХУ дахь төлөөлөгч Евгений Симёнов “Манай байгууллага Монгол, ОХУ, БНХАУ, АНУ зэрэг оронд үйл ажиллагаа явуулдаг. Анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” хөдөлгөөнийнхөнд 21 жилийн ял оноож байгаа нь тэднийг шоронд үх гэснээс ялгаа алга. Танайхны “Урт нэртэй” гэж нэрлээд байгаа хууль маш сайн хууль. Олон улс ийм хуультай болохыг мөрөөддөг, тийм л үлгэр жишээ хууль болж чадсан. Хэдэн жилийн өмнө газрын тосны үйлдвэрийг эсэргүүцэн тэмцсэн иргэдийг барьж хорьсон хэрэг ОХУ-д гарч байв. Олон нийтийн эрх ашгийн төлөө явсан гэдэг үндэслэлээр тэднийг сулласан. Гэтэл Монгол Улсад өөр аргаар шийдлээ” хэмээв. Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнэ “Шүүх ийм шийдвэр гаргасанд харамсаж байна. Аавыг минь хүмүүсээс мөнгө авсан гэж гүтгэж яллах гэж байсан ч энэ нь нотлогдсонгүй. Аавыг минь гүтгэн гүжирдсэн хүмүүст зохих шийтгэлийг нь өгөх ёстой” гэсэн юм.
Г.РАВЖАА