Томоохон худалдааны төв, супермаркетуудын зарласан урамшуулал, хөнгөлөлт үнэн бодитой эсэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгав. “Бишрэлт” их дэлгүүр 10-70 хувь хүртэл хямдрал зарласан ч тус дэлгүүрийн бэлэн хувцас, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн 10-50 хувь хямдарсан байжээ.
Түүнчлэн “Улаанбаатар” их дэлгүүр “Азарган хямдрал” хэмээн 10-80 хувийн хямдрал зарласныг шалгахад ихэнх тасгууд нь барааны үнээ 50 хувиас дээш хямдруулаагүй, зөвхөн хямдарсан үнийг бичсэн нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2.3-т “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах”, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2-т “Өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Иймд дээрх хууль зөрчсөн үйл ажиллагаагаа таслан зогсоож, зөрчлөө энэ сарын 23-ны дотор арилгахыг ШӨХТГ-аас аж ахуйн нэгжүүдэд сануулав.
Т.САЙНАА