Төрийн алба, төрийн өмчийн байгууллагын дарга, эрх бүхий албан тушаалд очихын тулд улстөрчдийн гар хөл болж, улайран зүтгэдэг хүн цөөнгүй. Татвар төлөгчдийн мөнгийг энэ албанд томилогдсон хүмүүсийн нэг хэсэг нь хумсалж, хувьдаа завшиж байгаа нь манай нийгмийн бодит дүр төрх билээ. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэгчдийг айлгадаг ганц газар нь Авлигатай тэмцэх болон Мөрдөн байцаах газар болоод буй. Гэвч тэдний шалгаж байгаа зарим хэрэгт прокурорууд хэмээх “бэлэн хоол идэгчид” нөлөөлж, хэрэгсэхгүй болгодог нь иргэдийг багагүй бухимдуулдаг. Гэсэн хэдий ч мөрдөн байцаах байгууллагынхан төрийн албыг баяжих арга болгосон эрхмүүдэд сануулга өгч, хариуцлага тооцсоор байгаа.
Төрийн алба, тэр дундаа төрийн өмчийн их, дээд сургууль бол зарим хүний хувьд мөнгөний асар том уурхай болж харагддаг бололтой. Оюутнууд, багш нарт чиглэсэн олон төсөл, хөтөлбөр, сургалтын төлбөр, Засгийн газраас олгож буй тэтгэлэг зэрэг нь их, дээд сургуулийн эрх бүхий зарим албан тушаалтнуудын арааны шүлсийг асгаруулж байдаг аж. Ингэж ажилласан төрийн өмчийн их, дээд сургуулийн хоёр ч захирал албан тушаалын хэргээр гэм буруутай, эсэхээ тогтоолгохоор шүүхийн үүдэнд “чулуу нясалж” сууна. Тэд ямар хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг хүргэе.
ХААИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БЯМБААГИЙН ХЭРЭГТЭЙ ШҮҮГЧ ТАНИЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ
Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал асан Б.Бямбаад холбогдох хэрэг уржигдар Дүүргийн Эрүүгийн хэргийн II шүүхэд шилжиж ирснээр тус шүүхийн шүүгч хавтаст хэрэгтэй танилцаж эхэллээ. Түүнийг багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэрээр Зайсан дахь сургуулийн эзэмшил газраас “Химон констракшн” компанид шилжүүлсэн. Тэндээ ямар ч тендергүйгээр барилга бариулж, нэмж 20 байрны үнэ хэмээн 1.3 тэрбум төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдуулаад байгаа аж. Зайсанд ХААИС-ийн багш, ажилчдын байр нэрээр бариулсан 20 байрны 16-г нь Б.Бямбаа захирлын ойр тойрны цөөн хүн авсан нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлснээр АТГ-т гомдол гаргах болсон байна. Төрийн өмчийн сургуулийн мөнгөөр сургуулийн өмчийн газарт барьсан орон сууцанд багш, ажилчид нь орж чадаагүй байхад улстөрчдийн хүүхэд, садан төрлийнхөн багтсан нь тэдний ундууцлыг хүргэсэн аж. ХААИС-ийн нэг багш “Барилга нь ашиглалтад орчихоод байхад сургуулийн нэг ч багшид байр өгөөгүй. Зөвхөн ерөнхий санхүүч Д.Янжмаа л сургуулийн нэр дээр байр гаргуулсан.
ХААИС-ийн багш нэрийн дор “Химон констракшн” компаниас байр авсан хүмүүсийн дунд томоохон улстөрчдийн ойрын хамаатнууд байгаа дуулдсан” гэлээ. Түүнчлэн ХААИС-ийн Аж ахуйн хашааны дэргэд 2010 онд тус сургуулийн захирал Б.Бямбаа тэргүүтэй хүмүүс сургуулийн эзэмшлийн газарт хувьдаа хаус бариулахын тулд карказ босгосон бөгөөд 2012 онд “Сүмтийн цамхаг”, “Ариун ар” гэх компаниуд барилгыг нь гүйцээж барихаар болж, мөнгийг нь “Ариун ар” компанийн данс руу шилжүүлжээ. Гэтэл ХААИС-иас “Ариун ар” ХХК-д 2012 оны зургадугаар сарын 11-нд 250 сая төгрөг шилжүүлсэн баримт байгаа боловч бэлнээр авсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ. Энэ мэтээр удаа дараа хуурамч гүйлгээ хийжээ. Мөрдөн байцаалтын явцад ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, хувийн сууцныхаа барилгыг Олон улсын хэл судлалын төв нэрээр ХААИСийн өмч хэмээн бүртгүүлж, “Ариун ар” компанитай барилгын ажлын төлөвлөгөө хэмээх хуурамч гэрээ байгуулж, төсвийн хөрөнгөөс 741 сая төгрөг хувьдаа завшсан аж. Түүнд холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад мөрдөн байцаалтын явцад нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзвэл ирэх сард шүүх хурлыг товлох гэнэ.
53 ОЮУТНАА ХӨЛДӨӨ ЧИРСЭН ЗАХИРАЛ
Их, дээд сургуулийг нэгтгэж төрийн өмчийн их сургуулиудад харьяалуулах болсноор Худалдаа үйлдвэрийн дээд сургууль МУИС-д нэгдэж, Худалдааны сургууль болсон. Хөл толгойгоо алдаж байсан энэ үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Н.Жавхлантөгсийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүү үүсгэжээ. Түүнийг тус сургуулийн 54 оюутнаас удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгаж буй юм билээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр түүнийг элсэгчдээс мөнгө авч, сургуульдаа оруулсан, оюутнуудаа тэтгэлэгт хамруулна хэмээн хахууль авсан гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэл яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн анхан шатны I шүүхэд шилжүүлсэн байна. Түүнтэй хамт 53 оюутанд яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Н.Жавхлантөгс захиралд тэдгээр оюутан хахууль өгсөн, зуучилсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм. Уг хэрэгтэй Дүүргийн анхан шатны I шүүхийн шүүгч танилцаад мөрдөн байцаалтаар нэмж тодруулах зүйл байна гэж үзэн АТГ-т буцаажээ.
Г.РАВЖАА