Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд байрлах “Буянт-Ухаа” спорт цогцолборын өмнө Архивын шинэ цогцолбор барих ажлыг 2010 оноос эхлүүлсэн. Өдгөө дөрөв дэх жилийн нүүр үзэж буй цогцолборын ажил дуусах дөхөж буй ч гүйцэтгэгч “Нийслэл өргөө” компанийн захирлыг авлигын хэрэгт сэжигтнээр тооцон саатуулснаас болж ажил нь тасалдаж, 75 хувийн гүйцэтгэлтэй тус барилгыг сувдаг сэтгэлтэй зарим эрх мэдэлтнүүд онилж, дуудлага худалдаанд оруулах санал гаргах болжээ. Түүнчлэн “Төсөвт мөнгө байхгүй. Санхүүжүүлэх боломжгүй” гэж хэлж байгаа гэнэ. Энэ байр яагаад ашиг хөөгч эрх мэдэлтний анхаарлыг татах болов гэдгийг дор өгүүлнэ. Архивын баримт нэг хүнд бус, нийт монголчуудад ямар ашиг тустай, үнэ цэнэтэй гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл манай төрийн санах ой болсон архивын баримтуудыг ямар нөхцөлд хадгалж буйг сонирхъё.
Үндэсний төв архивын сан хөмрөгийн баримтыг хадгалах гурван байр байдаг ч тэдгээр нь стандартын шаардлага хангаагүйгээс “Гэнэтийн аюул осолд өртөхөд бэлэн байна. Галын аюулаас урьдчилан сэргийлэх наад захын шаардлага хангаагүй орчин бүрджээ” гэх албан тоот, мэргэжлийн хяналтын байцаагчийн акт сард хэд хэдэн удаа ирдэг гэнэ. Архивын зориулалттай анхны байр нь өдгөө II байр хэмээн нэрлэж буй барилга юм. 1957 онд хүлээн авсан тус барилгын ашиглалтын хугацаа дуусаж, даацын хана нь хагарч, хөгц мөөгөнцөр үүссэнээс хадгалж буй баримт элэгдэх, цаашлаад устахад хүрээд удаж байгаа юм байна. Олон жилийн хадгалалтыг даалгүй элэгдэж буй баримтыг нөхөн сэргээх ёстой ажилтнууд нь барилгын ашиглалт дуусаж, мөөгөнцөр үүссэнээс болж гэмтсэн баримтыг сэргээн засаж буй нь харамсалтай. Дараагийн байр нь Засгийн газрын ордны зүүн талд бий.
Одоогоос 27 жилийн өмнө ашиглалтад орсон энэ барилгын хөрс мөнхийн цэвдэгтэй учир хөрсний усны түвшин жилд 20-40 см-ээр дээшилж буйг мэргэжлийн хүмүүс хэлж, архивын баримт бичиг хадгалах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан аж. Ардын хувьсгалын анхны наадам, намын их хурал, Монгол хүн сансарт нисэх бэлтгэлээ хийж буйг харуулсан баримтат кино, цагаан морин жилийн ардчилсан хувьсгал гээд түүхэн чухал үйл явдлыг баримтжуулж, хальсанд буулгасныг мөн л архивт хадгалж буй. Онцгой орчин, нөхцөл шаарддаг энэ мэт баримтаа Кино үйлдвэрийн байранд (хуучнаар) хадгалдаг. 1975 онд ашиглалтад орсон энэ барилгад нэг ч удаа засвар хийж байгаагүй бөгөөд мөн л ашиглалтын хугацаа нь дуусчээ. Дахин давтагдашгүй түүхэн баримтаа гэмтээлгүй хэрхэн хадгалах тухай бодол архивын ажилтнуудын толгойны өвчин болжээ. Тус газрын гурван байрны сан хөмрөг хадгалах өрөөнд энд тэндгүй түмпэнтэй ус байх аж. Учрыг нь асуувал “Цаасан баримтын насжилтыг уртасгахын тулд тодорхой хэмжээий чийгшилттэй орчинд хадгалах учиртай. Чийгшилт муу байвал устах аюултай тул түмпэнд ус хийж тавьдаг” гэж Тамгын газрын дарга нь ярив.
Орчин нөхцөл нь муудаж, гэмтээхээс гадна баримт хадгалах зай талбайгүй болсноо тус газрын ажилтнууд учирлаж байна. Архивын III байрны шалаар хөглөрч буй цаас бол 2010 онд хийсэн хүн амын тооллогын баримтууд гэнэ. Улсын хэмжээнд хийсэн энэхүү тооллогын баримтаас хойш нэг ч хавтас материал хүлээж аваагүй аж. Аймаг, орон нутгийн баримтыг хүлээн авах нь байтугай Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газрын архивын баримтыг хүлээж аваагүй уджээ. Хуулиараа 10 жил тутам нэг удаа баримтаа шилжүүлж, зориулалтын байранд хадгалах ёстой энэ ажил цалгардаад удаж байна. Монгол төрийн архив арвин түүхтэй. Үндэсний төв архивт 1674 оноос хойших Монгол Улсын төрийн түүхтэй холбогдох баримт, бичгийн соёлын нандин өв хадгалагдаж байна. Манж чин улс, Богд хаант Монгол Улс, Ардын засаг, Ардчиллын үеийн 896.286 хадгаламжийн нэгж (нэг хадгаламжийн нэгж 250 хүртэл хуудастай), зураг төслийн баримт 82 мянган хадгаламжийн нэгж, дахин давтагдахгүй 160 мянга гаруй гэрэл зураг, 22 мянган баримтат болон уран сайхны кино байдаг аж. Үүн дээр бүх аймаг, орон нутаг, засаг захиргааны нэгж, төрийн байгууллага, яам, Тамгын газарт хадгалж буй баримт нэмэгдэх юм.
Жилээс жилд хүндэрч буй нөхцөл байдлыг ухаарсан хүмүүс шинэ байр барих шийдвэр гарган, дэлхийд тэргүүлдэг БНСУ-ын NARA хэмээх архивын жижгэрүүлсэн хувилбараар барилгын ажил хийх зөвшөөрөл авч, хамтран ажиллаж иржээ. Эхлүүлсэн энэ ажлаа дуусгаж чадвал цогцолбор болох архивын шинэ байр 250 хүний суудалтай хурлын танхимаас гадна архивт хадгалагдаж буй баримтат болон уран сайхны кино үзэж болох 77 суудалтай заалтай болох юм. Түүнээс гадна иргэдийг хүлээн авах өрөө, компьютер сургалтын төв, уншлагын болон архивын баримтаа дэлгэх үзэсгэлэнгийн танхимтай болох аж. 167.000 ам метр талбайд баригдаж байгаа энэ цогцолборт зориулалтын бус газар хадгалж буй бүх баримтаа хадгалахаас гадна цаашлаад баримт хадгалах талаар хагас зуун жилд санаа зовох зүйлгүй болох юм байна. Дахиад л тавин жилийн дараа шинэ байр барих уу гэсэн асуулт гарч болзошгүй юм.
Архивын бүх баримтыг цахимжуулах ёстой ч энэ ажилд цаг хугацаа шаардах нь мэдээж. Тиймээс зориулалтын шинэ байрандаа дахин давтагдашгүй баримтаа хадгалж, устаж үрэгдэх аюулаас хамгаалах явцдаа цахимжуулж дөнгөнө биз ээ. Барилгын гүйцэтгэгч компанийн захирал саатуулагдлаа гээд улсын чухал ажил зогсох учиргүй. Тэр дундаа Монгол Улсын түүх, өв соёлыг хадгалж буй чухал барилгын ажил гэдгийг онцлох хэрэгтэй. Архивын барилга зөвхөн нэг хүний асуудал биш нийт монголчуудын эрх ашигт хамаатай гэдгийг зарим нэг нь ухаарахгүй байгаа нь харамсалтай. Сиймхийг ашиглан зарахыг сонирхогчид онцлоод буй нь бас учиртай юм билээ. Онцгой нөхцөл шаардсан энэ барилгыг сууринаас нь эхлээд БНСУ-ын стандартаар, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж буй, зөвшөөрсөн газарт нь өөр барилга барих боломжтой учир ийн онцолж, завших боломж хайхад хүргэсэн бололтой.
Х.ОЮУНСҮРЭН