АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Батлан хамгаалах болон Гадаад харилцааны яамны эрх бүхий албан тушаалтнуудыг өнгөрсөн лхагва гаригийн үдэш баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тухайн үед Дүүргийн анхан шатны I шүүх цагдан хорих тогтоолыг 17.00 цагаас хойш батлахгүй гэж буцааснаар мөрдөгчид өөрсдийн эрх хэмжээний дагуу баривчлан 72 цаг хорьсон юм. Мөрдөн байцаагчдын энэ хугацаа өнгөрсөн бямба гаригт дууссан бөгөөд зарим хүмүүсийг үргэлжл үүлэн хорьж, нэг хүнийг нь батлан даалтад өгсөн байна.
Бидний авсан мэдээллээр БХЯ-ны дэргэд байгуулагдсан Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн захирал, хурандаа Л.Ариунболдыг уржигдар батлан даалтад гаргасан гэнэ. Зэвсэгт хүчний алба хаагчдын 300 айлын орон сууц барьж буй компанид нэмэлт санхүүжилт олгосон хэмээн түүнийг буруутгасан юм байна. Тэрбээр Монгол цэргийн музейн дэргэд барьж буй 300 айлын орон сууцны ажлыг үргэлжлүүлж дуусган, гурван жил гаруй хугацаанд хүлээж буй байрны эрх авсан цэргийн алба хаагчдыг орон сууцанд оруулахын тулд БХЯ-ны холбогдох албаны хүмүүстэй ярилцаж байгаад нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр болсон аж. Энэ нь “молекул” Б.Батбаярын хүү Б.Баттулгын нэр дээр байдаг “ХөМоТэ” компанид дахин мөнгө шилжүүлж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт түүнийг сэжиглэх шалтгаан болсон гэнэ. Гэвч шалгалтын явцад энэ нь хуульд харшлаагүй гэж үзэн Л.Ариунболдыг суллажээ. Түүнээс өөр хүнийг сулласан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Энэ хэргийг “Бодь”-ийнхны хоорондын тэмцэл ийм байдалд хүргэж байна гэж зарим хүн хэлж буй дуулдав.
Өнгөрсөн хавраас эхэлсэн “Бодь” группийн хувьцаа эзэмшигч Гадаад харилцааны сайд Л.Болд, “Голомт” банкны Д.Баясгалан нарын маргаан нь хөрөнгөө хувааж, эв найртайгаар эцэслэсэн ч гэсэн үргэлжлэл нь энд явагдаж байна гэх яриа байна.
Г.РАВЖАА