Сүхбаатар дүүргийн нутаг, Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн дэргэд байрладаг нэгэн компанийн захирал өрөөнөөсөө цүнхтэй 60 мянган ам.доллар алдсан хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан юм. Цагдаагийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хамтран шаргуу хөөцөлдсөний дүнд гэмт этгээдүүдийг уржигдар саатуулжээ.
Уг хэргийг 55 настай Б үйлдсэн бөгөөд компанийн захирал цүнхээ өрөөндөө орхиод түр гарах хооронд орж мөнгийг нь авчихаад буцаж ирэхэд нь зөрөөд гарсан байсан юм. Тэрбээр хулгайлж авсан мөнгөөрөө “Toyota kluger” маркийн автомашин худалдан авсан төдийгүй, баривчлагдахдаа уг машинаа жолоодож явжээ. Мөн уг хэргийн хамсаатан хоёр хүнийг энэ сарын 15-ны шөнө Налайх дүүргээс баривчилсан байна.
Тэд хулгайлсан мөнгөөрөө бас л машин худалдаж авсан байсан гэнэ.
Г.ОРЧЛОН