Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хурлаар “Баянгол тохижилт”, “Баянзүрх тохижилт”, “Сүхбаатар тохижилт”, “Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээ”, “Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ” компанийн нэхэмжлэлтэй Нийслэлийн өмч хувьчлалын комисст холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу хэлэлцлээ. Нэхэмжлэгч ТҮК-ийн удирдлагууд Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2013 оны нэгдүгээр сарын 30-ны 1-5 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм. Дээрх тогтоолуудаар уг таван дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн хувьчлалыг 2013 оны хоёрдугаар сарын 1-нээс хүчингүй болгож, нийслэлийн өмчид буцаан авсан юм.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх энэ хэргийг 2013 оны долдугаар сарын 15-нд хэлэлцээд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 болон 62 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн ТҮК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ч анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөөгүй. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хурлаас дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Г.ЦОЛМОН