ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд хамтран Баян- Өлгий аймагт хуурамч баримт ашиглан мөнгө завшдаг байсан төрийн албан тушаалтнуудыг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэлээ. Уг хэрэгт холбогдуулж тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга асан Съезд, тус хэлтсийн ажилтан Хайролмажит нарын дөрөв, “Хадгаламж”, ХААН, Төрийн банкны теллер нийлсэн 12 хүнийг өчигдөр Улаанбаатарт авчирч саатуулсан байна.
Монгол Улсын харьяатаас гарсан хүмүүсийн нэрээр “Эх орны хишиг”-ийн 1.5 сая төгрөг, 70, 50, 21 мянган төгрөг, нас барсан хүнийг амьд мэтээр бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр өгсөн гээд Нийгмийн халамжийн сангаас олгодог халамжийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн авч байсан хэрэгт тэднийг буруутгаад байгаа юм. Хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй ч урьдчилсан байдлаар 500 сая төгрөг хол давна гэдгийг эх сурвалж хэллээ. Баян-Өлгий аймгийн казах иргэд Казахстан улсын харьяат болж, Монгол Улсын харьяатаас гардаг. Ийм хүмүүсийн баримт материалыг шүүж байгаад дээрх хүмүүс Монгол Улсын харьяалалгүй хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байсан нь илэрчээ.
Манай улсын харьяатаас гарсан Баян-Өлгий аймгийн 20-иод мянган иргэн харьяаллаа сэргээлгэх хүсэлт тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ирсэн. Сэжигтнүүд дээрх хүмүүсийн цөөнгүй хэсгийнх нь нэрийг ашигласан гэж бодвол 500 сая төгрөгийн хохирлоос ч илүү хэмжээгээр улсын эдийн засаг хохирсон байх магадлалтай байна. Хэрэгт холбогдсон 12 хүнийг нийслэл рүү хүргэхээр орон нутгийн цагдаагийн байгууллагын ажилтнууд тус аймгаас гарах үед сэжигтнүүдийн ар гэрийнхэн аймгийнхаа шүүх, прокурорын байгууллагын үүдэнд эсэрг үүцэл илэрхийлж, жагссан бөгөөд “Хот руу явуулахгүй, Баян-Өлгийнхөө хууль хяналтын байгууллагынхнаар шалгуулъя” хэмээж байжээ.
Уг жагсаал цуглааныг сэжигтэн Съездийн эхнэр, Хайролмажитын ах тус аймгийн МАН-ын эрх бүхий албан тушаалтан Галамхан зэрэг хүн зохион байгуулсан гэнэ. Съездийн хувьд өмнө нь хууль хяналтын байгууллагаар удаа дараа шалгуулж байсан нэгэн аж. Тэрбээр хот руу ирэх замдаа бусдадаа ямар тайлбар мэдүүлэг өгөх талаар үг зааж өгч байсан гэх мэдээлэл ч байна.