Төрийн албыг хөрөнгөжих хэрэгсэл болгосон албан тушаалтнуудын хувьд 2013 он тун хатуу жил байв. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, татвар төлөгчдийн мөнгийг завшсан дарга нар “аавын хаалга” татаж, зарим нь “дээлээ нөмрөх”, эсэхээ шийдвэрлүүлэхээр хүлээж байгаа. Тэдний нэг нь Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх, тус газрын Эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга Ч.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн нарт холбогдох хэрэг. Тэднийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр буруутгаж буй. Уг нь энэ хэргийг өнгөрсөн наймдугаар сард Чингэлтэй дүүргийн шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Ч.ГАНСҮХИЙН ДАНСНААС НЭГ Ч ТӨГРӨГ ОЛООГҮЙ ГЭВ ҮҮ
Түүнийг хэрэгт шалгаж эхэлсэн үеэс л хэвлэлээр татварын 17 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх зэргээр мэдээлж байсан. Хэрэг нь шүүхэд шилжих үед түүний өмгөөлөгч А.Ундрах нарын гурван хүн хэвлэлийн бага хурал хийж “Мөрдөгчид Ч.Гансүхийн нэр дээрх ямар ч данснаас нэг ч төгрөг олоогүй. Түүнийг хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байна” хэмээсэн билээ. Үнэхээр түүний нэр дээрх харилцах болон бусад данснаас мөрдөгчид хууль бусаар олж авсан байж болзошгүй гэх сохор зоос ч олоогүй бололтой юм. Бүтэн жилийн хугацаанд Ч.Ганс үхийг батлан даалтад ч гаргахгүй, цагдан хорьсоор байгаа. Юуны учир хорих болов гэдэг талаар АТГ-ынхан удаа дараа хийлгэсэн мэдээллийнхээ үеэр тодорхой тайлбар өгөлг үй байсаар шүүхэд шилжүүлсэн. Мэдээж тодорхой үндэслэл байгаа тул цагдан хорих хугацааг шүүгч сунгасан нь ойлгомжтой. Бидний авсан мэдээллээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх Ч.Гансүх нарын хэргийг шийдвэрлэх өдрийг удахгүй товлох сурагтай.
ТҮҮНИЙГ ЯМАР ХЭРЭГТ БУРУУТГАВ
Ч.Гансүхийг 17 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгаж байгаа хэмээн хэвлэлээр бичиж, хууль хяналтын байгууллагынхан тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар нэг жил боллоо. Гэтэл мөрдөн байцаалтаар түүнийх гэх сохор зоос ч олдоог үй байхад ямар хэргийн учир гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор хоёр дахь удаагаа шүүхэд шилжүүлэв гэдэг хүмүүс гайхаж байгаа. Прокурорын байгууллагаас авсан мэдээллээр сэжигтнүүдийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төрд орох ёстой татварыг зувчуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж буй гэнэ. Прокурорын байгууллагаас Ч.Гансүх, Д.Энхбат нарын 13 хүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулж, 5.2 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээгүй, 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хууль бусаар олж авч, хөрөнгөжсөн, онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан, албан үүрэгтээ хайнга хандаж улсад хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр хэрэгт холбогдогчид нарийн зохион байгуулалттай, харахад хууль ёсных мэт ажиллаж байсан аж. Ч.Гансүхийн төрсөн дүү Ч.Даваасүрэн “Севилла аудит” гэх компанитай юм байна. Тэрбээр компаниудад аудитын шалгалт хийж, дүгнэлт гаргадаг аж. Их хэмжээний татвар төлөх ёстой ийм компаниуд татвараас зайлсхийсэн байж болзошгүй байдал илэрсэн талаар ахдаа хэлдэг байж. Дүү нь дүгнэлт гаргаж, ахдаа тайланг нь илгээсний дагуу Ч.Гансүх удирдлагадаа ажилладаг О.Бямбасүрэн нарын хяналтын байцаагчаар компаниудыг шалгуулж, өндөр хэмжээний торгууль тавиулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, ах дүү, амраг садангууд нийлэн хувийн компаниудыг татвар, торгууль, хүүгээр дарамталж, шантаажилдаг байж. Ингэж дарамтлуулсан олон компани Ч.Гансүхэд ихээхэн хэмжээний хахууль өгсөн байж болзошгүй гэнэ. Улмаар татвар, торгууль, хүүгээ төлөхгүй байснаас улсад орох ёстой их хэмжээний буюу таван тэрбум гаруй төгрөг ороогүй бололтой.
Түүнчлэн Ч.Гансүхийн хэрэгт БНХАУ-ын ZTE компанийн Монгол дахь салбарын удирдлагыг холбогдуулан шалгаж байсан. Энэ үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байсан учраас хэрэгсэхгүй болгосон гэнэ.
Прокурорын байгууллагын эх сурвалж “Ч.Гансүх нар дээрх аргаараа ZTE-гийнхнийг дарамталсан ч тус компанийнхан шүүхэд хандсан юм билээ” гэв. Улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд Ч.Гансүхийн аавын нэр дээрх “Ривер Гарден” хотхонд байдаг 800 гаруй сая төгрөгийн үнэтэй орон сууц, мөн 4-5 автомашиныг хууль хяналтын байгууллагынхан битүүмжилсэн сурагтай.
17 ТЭРБУМ ТӨГРӨГ ХААЧИВ
Ч.Гансүхийн хэргийг анх хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхлэхэд 17 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж буруутгаж байсан. Улмаар АНУ-д суралцдаг хүү Г.Ганзулынх нь дансаар нэг сая орчим ам.долларын гүйлгээ орж, гарсныг хууль хяналтынхан тогтоосон юм гэсэн. Гэвч прокурорын байгууллагаас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ингэж шалгаж байтал бас нэг хүү гарч ирсэн нь анхны эхнэрээс нь төрсөн Г.Ганзул. Мөрдөн байцаалтын явцад энэ 17 тэрбум төгрөг том Г.Ганзулынх нь “БестАнзу” компанийнх нь эргэлтийн хөрөнгө байсан гэнэ.
Тус компанийн захирал Г.Ганзулд холбогдох хэргийг өдгөө хууль хяналтын байгууллагынхан үргэлжлүүлэн шалгаж байгаа. Яагаад ийнхүү шалгах болов гэдэг нь бас л нууц. “Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хууль хяналтын байгууллагынхан хэлэв. Бидэнд олдсон мэдээллээр “БестАнзу”- гийн удирдлага их хэмжээний орлогын албан татвараас зайлсхийсэн нь шалгалтаар тогтоогдсон юм байна. Тиймээс тэдэнд холбогдох хэргийг Ч.Гансүх нарынхаас тусгаарлаад байгаа гэх. Дүүргийн анхан шатны I шүүх энэ сард багтаж Ч.Гансүх, түүний дүү “Севилла аудит” компанийн захирал Ч.Даваасүрэн, ШШҮТ-ын Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Жаргал нарын 13 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох сурагтай.
Г.ОРЧЛОН