Өвөрхангай аймагт өнгөрсөн шинэ жилийн баяраар бүлэг байж болзошгүй хүмүүс хуурамч 20 мянгатын дэвсгэртээр худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж, иргэдэд 700 гаруй мянган төгрөгийн хохирол учруулжээ. Монгол Улсын үндэсний мөнгөн дэвсгэртүүдээс 5000, 20.000 мянгатыг хуурамчаар үйлдсэнийг цагдаагийн байгууллага, банкны салбарынхантай хамтран тогтоогоод байна. Манай улсад анх гүйлгээнд нэвтэрдэг байсан хуурамч дэвсгэртүүдийг голдуу монгол иргэд өнгөт хувилагч ашиглан хийдэг байсан бол сүүлийн үед илэрч буй мөнгөн дэвсгэртүүдийг шалгахад хийсэн арга, цаас нь өмнөхөөсөө огт өөр, арга хэлбэр нь улам нарийсаж, жинхнээсээ бараг ялгагдахааргүй болж байгаа гэнэ.
Тухайлбал, хамгийн сүүлд илэрч буй дэвсгэртүүдийг өөлбөл цаас нь цайвар өнгөтэй, нимгэн юм байна. Бусад талаараа бол энгийн иргэд хараад ялгахааргүй аж. Хуурамч мөнгө үйлдвэрлэгчид 5000 болон 20 мянгатын дэвсгэрт голдуу хийж байгаа нь анхаарал татаж байна. Манай улсын нэг, тав, 10 төгрөг зэрэг бага мөнгөн дэвсгэртийг хятадууд их хэмжээгээр худалдан авах болсон. 2013 онд гэхэд бага дэвсгэртээс бүрдсэн нийт 600 гаруй мянган төгрөг хилээр гаргахыг завдсан хэргийг илрүүлжээ. Илэрч баригдалгүйгээр хэчнээн дэвсгэрт хилээр гаргасныг бүү мэд. Түүгээр бэлэг дурсгал хийдэг гэдэг нь худал бололтой.
Бага дэвсгэртүүдийн нууцлалыг хятадууд нарийн судалж байгаад их дэвсгэртүүдийг хуурамчаар үйлдвэрлэж байж болзошгүй гэнэ. Тиймээс Монголын бага дэвсгэртүүдийг чухам юунд хэрэглэж байгааг манай холбогдох байгууллагууд нарийвчлан шалгаж байгаа аж.
Х.ЭРХЭМ