АНУ-ын Сан-Францискод амьдардаг монгол иргэдийг саяхан тус хотын цагдаагийнхан шалгаж, мэдүүлэг авчээ. Чухам юу болсон талаар тус хотод амьдардаг Х.Баатартай холбогдон тодрууллаа.
-Та нарыг цагдаагийнхан шалгаж, мэдүүлэг авсан гэсэн үү. Яагаад ингэсэн юм бол?
-Сан–Франциско хотод Хятадын Ерөнхий консулын газар байдаг юм. Гэтэл тус газрыг галдан шатаасан хэрэг шинэ оны эхний өдөр гарсан юм билээ. Консулын газрын гол хаалганы орчим бензин асгаад шатаасан гэх мэдээлэл зурагтаар гарч байсан. Гэтэл удалгүй монгол хүмүүсийг шалгаж эхэлсэн.
-Яагаад монголчуудыг онцолсон юм бол?
-Гудамжны камерийн бичлэгээс ази хүн болохыг нь тогтоосон гэсэн. Тэгээд л монголчуудыг шалгасан байсан. “Та нар хятадуудад яагаад дургүй байдгаа хэл” гэж асуусан нь энд амьдардаг монголчуудыг гайхашруулсан. “Хэн нэгэн таалагдахгүй, дургүй байлаа гэхэд Консулын газрыг нь шатаах хэмжээнд хүрсэн өс хонзон байхгүй. Бид тийм ухамсартай хүмүүс биш“ гэж хэлсэн. Хүн бүрээс энэ асуултыг асуусан байна лээ.
-Галдан шатаасан хүнийг олсон болов уу?
-АНУ-д байнга оршин суудаг, БНХАУ-ын иргэн Ян Фен гэдэг хүн байсан юм билээ. Тэр өөрөө цагдаа руу утасдаж, хэргээ хүлээсэн гэсэн. Байцаалт авсан монголчуудаас хүлцэл өчсөн албан бичиг шуудангаар ирүүлсэн.
Х.ХАНГАЛ