“ZTE” КОМПАНИ БОЛОН ТӨРИЙН ЗАРИМ ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫГ ШАЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өмнөд хөршийн төрийн өмчит “ZTE”, “Huawei” компанийнхан улс орнуудын аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэх мэдээлэл өнгөрсөн хавар дэлхийд түгэж, зарим улс тус компанитай хамтран ажиллахаас татгалзаж эхэлсэн. Олон улсад дэгдсэн энэ дуулиантай зэрэгцэн тэдгээр компани Монгол Улсын харилцаа холбооны салбарт онцгой эрх эдэлдэг тул, улсынх нь аюулгүй байдал алдагдаж байж болзошгүй гэсэн мэдээ гадаад, дотоодын хэвлэлээр цацагдаж, Авлигатай тэмцэх газрынхан “ZTE” компанийн удирдлага болон Монголын томоохон албан тушаалтнуудыг авлигын хэрэгт шалгаж буйгаа дуулгаж байв. Монголын цахилгаан холбооны салбарын зах зээлд 2004 онд хөл тавьсан “ZTE” компани 2004, 2005, 2006 оны ашиг орлогоо нууж, татварын байцаагчдын тавьсан 1.3 сая ам.долларын торгуулиас мултарч байжээ. Тэдний хууль бус үйл ажиллагаанд оролцсон Татварын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нараас хураан авсан 17 тэрбум төгрөгийн нэг тэрбумыг “ZTE” компанийнхан түүний дансанд шилжүүлсэн тухай яриа гарч байсан.
Өдгөө “ZTE” компани болон төрийн зарим өндөр албан тушаалтныг АТГ үргэлжлүүлэн шалгаж байгаа. Тус компани манай харилцаа холбооны салбарт 2004 онд хөл тавимагцаа СDМА-2000 технологи нэвтрүүлж, баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Түүний дараа жил төмөр замын суурин сүлжээний холболтын ажилд оролцож, улс хоорондын транзит тоон холболтын байгууламжийг шинээр суурилуулан, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газартай хамтран “Хөдөөгийн харилцаа холбооны сvлжээ” төсөл боловсруулжээ. Хожим 2008 онд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас зарласан “Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах” тендерт ялж, 2011 онд БСШУЯ-наас хэрэгжүүлсэн 40 сая ам.долларын өртөгтэй “Шинэ зууны боловсрол” төслийг гартаа оруулсан нь эднийхэн нэлээд дээгүүр жаалж байсныг илтгэнэ. Харамсалтай нь, маргаан үүсэж, шүүхийн хаалга татаж байв. Учир нь энэ тендерт өрсөлдсөн “Haier” компанийнхан 40 сая ам.долларын өртөгтэй тендерт манайх 36 сая, “ZTE” компани 46 сая ам.долларын санал өгсөн атлаа өрсөлдөгч ялсан нь ойлгомжгүй байна” хэмээн шүүхэд хандсан нь тендер будилаантай болсныг гэрчлэх баримт болжээ.
ДУУЛИАНЫ ЭЗДИЙН ТУХАЙ ТОВЧХОН
Олон улсын харилцаа холбооны салбарт түгшүүрийн дохио хангинуулсан “ZTE” корпорацыг 1985 онд БНХАУ-ын Сансар огторгуйн технологи үйлдвэрлэлийн яам, “Chung Cheng”, “Yunxing” компани хамтран байгуулжээ. “ZTE”, “Huawei” компани тус улсын цахилгаан холбооны тоног төхөөрөмжийн салбарын хоёр том акул бөгөөд дэлхийн цахилгаан холбооны хамгийн том 50 компанийн 45 хувь нь “Huawei” компанийн төхөөрөмжийг их бага хэмжээгээр ашигладаг юм байна. Гэхдээ дээрх компаниудын үйлдвэрлэсэн төхөөрөмж нууцлалын шаардлагыг төдийлэн хангадаггүй, нууц чип, программ суулгаснаар яриа чагнах боломжтой гэж үзсэн зарим улс орон тэдний төхөөрөмжийг до тооддоо ашиглахыг хорьсон байна. Дуулиантай зэрэгцэн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Тусгай байнгын хороо “ZTE”, “Huawei” компанийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн бөгөөд саяхан тайлангаа тавьжээ. Тус тайланд “Дээрх компаниуд АНУ-ын компанийн оюуны өмчийг хулгайлж, АНУ-д тагнуулын үйл ажиллагаа явуулсан, үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан” тухай дурдсаныг хэвлэлүүд мэдээлж эхлэв. Мөн “Тус компаниуд Хятадын Засгийн газар, армиас дэмжлэг авч, АНУ-ын компани, иргэдийг тагнаж байгаа тул тэдний үйл ажиллагаанд хориг тавих, хяналт тогтоох, “ZTE”, “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг төрийн байгууллагуудад ашиглуулахгүй байх, тэдэнтэй хамтран ажиллахаас татгалзах зөвлөмжийг аж ахуйн нэгжүүддээ өгсөн гэнэ. Түүгээр ч зогсохгүй өөр олон тооны ноцтой баримт дэлгэсэн ба тус компаниуд Хятадын Засгийн газарт кибер дайны нэгжийн үйлчилгээ үзүүлж, бусад улс орнуудыг чагнаж, тагнадаг хэмээн тэмдэглэжээ.
“ZTE”, “Huawei” компанийн төхөөрөмж ийнхүү дэлхийн анхаарлын төвд нэгэн зэрэг өртөж, Европын холбоо болон Австри Улс ашиглахаас татгалзаж, харилцаа холбооны аливаа тендерээс “ZTE” компанийг хасаж, “Huawei” компанийн тоног төх өөрөмжөөс чагнах хэрэгсэл илэрсэн гэсэн шалтгаанаар өндөр хурдны интернэтийн сүлжээ байгуулах 38 тэрбум ам.долларын өртөг бүхий ажлыг нь зогсоосон байна. Түүнчлэн ХБНГУ их, дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг холбодог “Deutsches Forschungsnetz” сүлжээндээ тэдний төхөөрөмжийг ашиглахаас татгалзсан бол Энэтхэг үүрэн холбооны операторууддаа “ZTE” болон Хятадын бусад үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмжийг ашиглахгүй байхыг албан ёсоор анхааруулсан гэх. Мөн “ZTE”, “Huawei” компанийн төхөөрөмж чагнах, тагнах хэрэгсэл болж байгаа тухай мэдээ дэлхийн анхаарлыг татсаны дараа Их Британи цахилгаан холбооны “BT” корпорацтай нь олон жил сүжирсэн “Huawei” компанийн үйл ажиллагаа тус улсад улам бүр өргөжиж байгаад сэтгэл зовж буйгаа илэрхийлсэн байв. Түүгээр ч зогсохгүй тус компаниуд Алжир, Кени, Норвеги, Филиппиний зах зээлд шударга бус өрсөлдөөн явуулж, тендер будилаантуулсан, Этиоп, Замби, Уганда зэрэг буурай хөгжилтэй оронд бүтээн байгуулалт хийх, дэмжлэг үзүүлэх амлалт өгч, мэдээлэл холбооны сүлжээнд нь хяналтаа тогтоож, төрийн албан хаагчдад авлигал өгсөн гэсэн баримтыг Дэлхийн банк судалгаагаараа тогтоож байв.
МОНГОЛЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТ АЮУЛ НҮҮРЛЭЭГҮЙ ГЭХ БАТАЛГАА БИЙ ЮҮ
Харилцаа холбооны салбарын цоожны түлхүүрээ дээрх компаниудад атгуулж, мэдээллийн аюулгүй байдлаа умартаж байснаа мэдсэн улс орнууд ийн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнах болов. Тэднийг Этиоп, Филиппиний Засгийн газар, эрх баригчидтай үгсэж, цахилгаан холбооны салбарт нь монополь тогтоож, Филиппиний Ерөнхийл өгчийг огцрох хэмжээнд хүргэсэн гэж буруутгаж байгаа. “ZTE” компани Иранд тоног төхөөрөмж нийлүүлж байсныг Олон улсын хүний эрхийн байгууллагууд баримтаар нотолсон. Тэдний төхөөрөмжөөс газар доорх утсан сүлжээ болон үүрэн телефон, интернэт холбоог хянах, ярьж байгаа хүний байрлалыг илрүүлэх, сонсох, таслах, цахим шуудан, чат унших, интернэтэд холбогдсон вэб хуудасны мэдээлэлд задаргаа хийх зэрэг хувь хүний нууцад халдах чадвартай технологи илэрсэн тул Иран хамтран ажиллах гэрээгээ зогсоож байж. Хэдийгээр чагнах, тагнах үйл ажиллагаа нь илэрч, дэлхийг сэрдхийлгэсэн ч гэм буруугүй гэдгээ нотлохоор чармайж байсан “ZTE” компани болон манай улсын талаар гаднын хэвлэлүүд өнг өрсөн онд “Монголын АТГ-ын албан хаагчид ZTE корпорацын албан тушаалтнууд тус улсын төрийн албан хаагчдад авлига өгсөн баримтыг илрүүлжээ” гэж мэдээлж байв. Харин манайд нөхцөл байдал ямар байгаа вэ.
АТГ-ынхны явуулж буй мөрдлөг, шалгалтыг эс тооцвол монголчууд “ZTE” компанийг тойрсон дуулианд нэг их ач холбогдол өгөхгүй байх шиг. Тэгвэл манай үүрэн холбооны оператор болон интернэт сүлжээний компаниудын дийлэнх нь тус компанийн тоног төхөөрөмж ашиглаж байна. Тухайлбал, үүрэн холбооны анхдагч “Мобиком” компани дамжуулалт, холболтын зарим хэсгээ “ZTE” , “Huawei” компанийн төхөөрөмж дээр суурилсан бол “Скайтел” группийн холболтын станц, “Жи-Мобайл”-ийн сүлжээ 100 хувь “ZTE” компанийнх. Мөн “Юнител” компанийн холболт, дамжуулалт, “Монголын цахилгаан холбоо” болон интернэтийн үйлчилгээ үзүүлдэг “Райлком”, “Скайтел”, “Mобинэт”, “Ситинэт”, “Миком” компаниуд бас л тэдний төхөөрөмжийг ашигладаг аж. Үүнээс гадна “ZTE” корпорац манай Засгийн газар, төрийн байгууллагуудад хурлын дүрст систем, “Монголын цахилгаан холбоо” компанид интернэт, МШХХТГ-т хот доторх болон олон улсын яриаг хянах “Softswitch” систем суурилуулах ажлыг гүйцэтгэсэн. Энэ баримтууд манай холбоо мэдээллийн салбарт аюул нүүрлээд уджээ гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Тус корпорац өнгөрсөн арван жилийн дотор манай зах зээлд байр сууриа асар хурдан бэхжүүлж чадсаны нууц юунд байсан юм бол?