Манай улс болон урд хөршид Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор амар хялбар аргаар ашиг олохыг завдагсад улсын хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлэхийг оролдох явдал нэлээд олшрох төлөвтэй байгаа талаар ХХЕГ-ынхан мэдээлж байна. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн ...дугаар отрядын Хилийн тагнуулынхан ирсэн мэдээллийн дагуу ЭЦГ-ын ажилтнуудтай хамтран нэгэн ноцтой хэргийг илрүүлжээ.
Монгол Улсын иргэн Ж нь Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ойролцоогоор 500 орчим сая төгрөгийн үнэт чулуу, ховор ургамал, түүхий эдийг 40 тоннын чингэлэгт нууц хана хийж, түүндээ нуун БНХАУ руу нэвтрүүлэхийг завдсан гэнэ. Тэрбээр уг чингэлэгт байгалийн өнгөт чулуу 215 шуудай, зээрийн мах 158 шуудай, чулуужсан мод 250 килограмм, ногоон хаш чулуу дөрвөн тонн, бог малын өлөн гэдэс 200 шуудай, бугын хоёр чив, улаан гоёо 150 шуудай, үзмэн мана нэг тонныг нуусан байжээ.
Сэжигтэн Ж уг чингэлгийн хананаас дотогш хоёр метр зайд дотрынх нь өнгөтэй адил өнгөөр давхар хана хийсэн байсан нь хууль хяналтын байгууллагынхны шалгалтаар тогтоогджээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр гаалийн үзлэг шалгалт хийж дууссаны дараа хилчид уг үйлдлийг илрүүлсэн байна. Энэ нь гаалийн ажилтнууд энэ хууль бус үйлдэлд холбоотой байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа аж. Тиймдээ ч цагдаагийн байгууллага түүнд тусалсан байж болзошгүй Замын-Үүдийн гаалийн улсын байцаагч Э-г сэжигтнээр тооцон цагдан хорьсон аж. Шалгалтын явцад Э нь тус боомтын даргаар ажиллаж байсан Л-ын өгсөн үүргийн дагуу Ж-ын чингэлэгтэй автомашиныг шалгалгүй гаргахын тулд гаалийн бүрдүүлэлтэд тамга дарсан нь тогтоогдож буй гэнэ. Замын-Үүдийн боомтоос Дорнод болон өөр нэг аймаг дахь гаалийн газарт томилогдох тушаал авч, шилжих гэж байхдаа дээрх хүмүүс уг хэргийг үйлджээ.
Сэжигтэн Ж нь Замын-Үүдийн гаалийн газрын даргаар ажиллаж байсан Л-ын хүргэн гэх мэдээлэл ч хууль хяналтын байгууллагынханд байгаа юм. Мөн энэ сарын 8-нд уг боомтоор Монгол Улсын иргэн Б, Э, Л нар БНХАУ-ын Эрээн хотоос “Ланд круйзер-80” маркийн суудлын гурван автомашинаар үүрэн холбооны 176 хайрцаг цэнэглэгч карт хилээр оруулж ирж байгаад саатуулагджээ. Тэдний авч явсан бараанд 1000 болон 2500 төгрөгийн цэнэглэгч карт тус бүр 400000, 5000 төгрөгийн карт 80000 ширхэг, нийт 1.8 тэрбум төгрөгийн нэгжийн карт, ширээний хуанлийн хавтас байсан аж. Эдгээрийг гаалийн хяналт шалгалтад оруулалг үй, татвараас зайлсхийн улсын хилээр оруулахыг завдсан байна. Үүнийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа бөгөөд хуурамчаар хэвлүүлэн оруулж ирсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж.
Г.ЦОЛМОН