- Е.Сагсайг Улсын ерөнхий прокурорын туслахаар томилов -
Улсын ерөнхий прокурор он солигдохын өмнөхөн зарим туслахаа өөрчилж, орных нь хүмүүсийг томилжээ. Тухайлбал, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга И.Пүрэвцогтыг албанаас нь чөлөөлж, оронд нь УМБГ-ын чиглэлийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан хурандаа Д.Баатарыг томилжээ. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Ажлын хэсгийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан юм. Мөн УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан, хошууч М.Бамбадоржийг жинхэлж, дэд даргаар томилжээ.
Харин И.Пүрэвцогтыг Улсын ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга болгосон аж. Улсын ерөнхий прокурорын туслах, Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Болдыг албан тушаалаас нь өөрчлөн, УЕП-ын туслах, Сургалт судалгааны төвийн захирлаар томилжээ. Харин түүний өмнө хийж байсан албан тушаалыг Сүхбаатар дүүргийн прокурор асан Е.Сагсай хашихаар болсон байна. УЕПГ-ын Сургалт судалгааны төв нь өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн бөгөөд Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд УЕПГ-аас 2016 он хүртэл баталсан хөтөлбөрийн дагуу байгуулсан аж.
Уг төв нь прокурорын байгууллагын удирдах албан тушаалтнаас эхлээд туслах ажилтныг хүртэл давтан сургаж, мэргэш үүлэх зорилгоор байгуулагдсан гэдгийг Сургалт, судалгааны төвийн дарга Л.Болд ярив. Тус төв нь хуучнаар МХЕГ-ын Төв лабораторийн байрыг засварлаж, тэндээ байнгын үйл ажиллагаа явуулахаар болжээ.