Батлан хамгаалахын сайдын зөвлөл уржигдар хуралдах гэж байснаа зарим эрх бүхий албан тушаалтнууд хоорондоо муудалцсанаас болж хурлаа хийж чадаагүй гэх. Баттай эх сурвалжийн өгүүлснээр энэ хурлаас зарим шийдвэр гарахыг хүлээж байсан ч удирдлагуудын үл ойлголцлоос болж хойшилжээ. Батлан хамгаалах салбарын эрх бүхий албан тушаалтнууд юуны учир муудалцсан талаар тэрбээр “Налайх дахь стратегийн ач холбогдолтой, цэргийн хангалтын зориулалттай төмөр замыг зохих зөвшөөрөлгүйгээр хувийн компанид худалдсан нь маргалдах үндэс болсон. Тус төмөр замыг 1970-аад оны сүүлчээр хуучнаар ЗХУ-ын хөрөнгөөр барьсан.
Нисэхийн ангиудыг шатахуун, бусад хэрэгцээт зүйлээр хангахад зориулсан стратегийн ач холбогдолтой, Налайхын төмөр замаас цааш 6.5 үргэлжилдэг байсан юм. 1990 оноос хойш ашиглаагүй ч, БХЯ, ЗХЖШ-ын өмчид бүртгэлтэй хэвээр байсан. Ямар албан тушаалтан уг замыг хувийн компанид худалдах шийдвэр гаргасныг мэдэхгүй” гэв. Налайх дахь Зэвсэгт хүчний хангалтын анги уг төмөр замыг хариуцаж байжээ. Сүүлийн нэг жилийн дотор тус ангийн захирагчийг нь хоёр ч удаа ойрхон сольсон гэх мэдээлэл байна.
Бидний авсан мэдээллээр уг төмөр замыг маш хямд үнээр “Металл Опт” гэх компанид худалдсан сурагтай. Уг нь өнөөдрийн зах зээлийн ханшаар нэг км төмөр зам тавих үнэ 1.8 тэрбум төгрөг болж байгаа гэсэн. Энэ талаар “Металл опт” компанийн эрх бүхий албан тушаалтнаас тодруулахад “Олон жил хаягдсан төмөр замын зарим хэсгийг бид хууль журмын дагуу худалдаж авсан. Төлбөр болох 25 сая төгрөгийг зохих газар руу нь шилжүүлсэн. Энд хууль зөрчсөн, хууль бус үйлдэл байхгүй” гэлээ.
Г.РАВЖАА