Үдээс өмнө “MAX tower”-ийн барилгаас бэхэлгээний төмөр унаж, хүний амь хохироосон бол үдээс хойш 16.30 цагийн үед “Улаанбаатар” их дэлгүүрийн чанх хойд талд байрлах “Peace tower” цамхгийн өргөгч шатны татлага тасарч, дотор нь сууж явсан 15 хүн гуравдугаар давхраас доош унаж, B1 давхарт очиж зогсчээ. Азаар хүн бэртэж гэмтээгүй бөгөөд дотор нь байсан хүмүүс засварчныг иртэл 10 минут өргөгч шатанд гацсан аж. Тэнд байсан Ц.Мягмарсүрэн гэдэг эмэгтэйтэй бид утсаар холбогдож, яг юу болсон талаар тодруулсан юм.
-Арав гаруй хүн байсан. Бид нэгдүгээр давхраас долоон давхар руу гарахаар товчлуур дарсан юм. Тэгтэл гурван давхарт явж байх үед гэнэт огцом хурдаар доошилж, доргиод зогссон. Дээрээс шороо унаж, пургиад байхаар нь их гайхсан. Яг хэддүгээр давхарт зогссоноо мэдээгүй. Арваад минут болсны дараа засварчин ирж, хаалга онгойлгосон чинь B1 давхар байсан. Бид тэндээс өргүүлж, татуулж гарч ирсэн.
-Өргүүлээд ээ. Яг B1 давхар биш байх нь ээ?
-Яг ч биш л дээ. B1-ээс доошоо явж, газарт тулж зогссон юм байна лээ. Тэгээд дээш татуулж гарч ирсэн. Тухайн үед шоконд ороод юун тэрийг анзаарахтай манатай. Засварчныг хүлээж байхдаа ядаж нэг хөл дээрээ зогсъё гэж бодож байлаа ш дээ.
-Тэнд байсан хүмүүсийн бие гайгүй юү?
-Гайгүй ээ. Гэхдээ бүгд л сонин царайлаад, цонхийчихсэн байсан. Нэг ах шатнаас татуулж гарч ирэхдээ толгойгоо цохисноос болж нэлээд өвдөлттэй байх шиг байна лээ. Биднийг гарч ирэхэд тэр байрны ажилтан бололтой нэг эмэгтэй, дөрвөн залуу зогсож байсан. “Та нарын бие зүгээр үү” гэхээсээ илүү “Ямар олуулаа орсон юм, та нарын буруу ш дээ” гээд загнаад байсан. Биднийг өргөгч шатанд ороход даац хэтэрлээ гэсэн дохио огт өгөөгүй. Даацын хэмжээ нь 1000 кг юм байна лээ. Бидэнтэй хамт явсан, тэнд ажилладаг нэг ах өмнө нь бас нэг удаа шат унасан тухай ярьж байсан.
Г.ГЭРЭЛ