2012.09.03 Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд барьж буй барилгад бетон зуурмаг шахаж байсан машин унаснаас 12 настай охин нас барав. Охин хичээлээ тараад замын хажуугаар явж байхад нь өргөгч машин унасан юм.
2012.09.07 “Баганат-Өргөө” компанийн барилгын ажлын аюулгүй байдлыг шалгаж явсан Онцгой байдлын аврах тусгай ангийн Тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Очирбатын дээрээс төм өр унаж, нүүрний яс нь бяцарч, зүүн нүд нь харааг үй болсон. Залуухан офицер хөд өлм өрийн чадварг үй болж, эрүүл мэнд нь өдрөөс өдөрт муудсаар байгаа.
2012.09.08 Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд барьж байсан “Рапид харш” орон сууцны барилгын өргөгч цамхагийн оройн хэсэг нь хугарч, 26 настай С цаг бусаар амиа алдсан. 2012.09.17 “Тэнгис” кино театрын урд “Мудун спед” компанийн барьж байсан барилгын тулгуур төмөр унаж, үе тэнгийнхэнтэйгээ хөгжилдөн гүйж явсан оюутан Б нас барсан. Тус компанийн захирал Т.Батбилэг, хөдөлмөр хамгааллын зааварлагч инженер М.Цогтгэрэл нарыг буруутай хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 183.1-ээр ял оноосон. Т.Батбилэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.8 сая төгрөгөөр торгосон бол, М.Цогтгэрэлд хоёр жилийн хорих ял оноогоод нэг жил зургаан сарыг нь тэнсэн харгалзжээ.
2013.08.03 Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо Зайсангийн “American school” сургуулийн хойно байрлах “Roma Investment” компанийн 12 давхар барилгын 11 давхраас тулгуур төмөр унаж, 17 настай хүүгийн тархинд хүнд гэмтэл учруулсан. Хохирогч хүүг Б.Батболд гэдэг бөгөөд тус барилгад туслах ажилтан байжээ. Хүү харах чадвараа 80 хувь алдаж, ярьж чадахгүй, суга таягтай явах болсон...
Энэ мэт харамсаад баршгүй хэрэг ар араасаа гарч, олныг айдаст автуулаад байгаа. Хэрэг гарсан даруй сүр дуулиан болдог ч өдөр хоног өнгөрөх тусам мартан, гэм буруутныг хэрхэн шийтгэсэн нь мэдэгдэхгүй замхарсаар ирэв. Гудамжинд алхаж явсан оюутан, үүрэгт ажлаа гүйцэтгэсэн залуу, гарцаар гарч буй бяцхан охин яагаад цаг бусаар ертөнцийн мөнх бусыг үзүүлэх гэж. Барилгын салбар дэвшин дээшилж буй ч хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаагүйгээс, тэднийг хянаж шалгах үүрэгтэй хүмүүс ажлаа хийгээгүйгээс гэмгүй хүмүүс амь насаараа хохирсоор байна. Дээр дурдсан хэргүүдийн нэгийнх нь л хэргийг шүүхээр хэлэлцэж, гэм буруутай хүмүүст ял оноожээ. Харин бусдыг нь хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Гэтэл барилга дээрээс дахиад л төмөр унаж, ажлаа хийж явсан залуу нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа.
“Нарны титэм” худалдааны төвийг өнгөрсөн жил нурааж, “Grown tower” хэмээх үйлчилгээ, оффисын барилгын ажил эхэлсэн. Гүйцэтгэл нь 80 хувьтай явж буй энэ барилга дээрээс өчигдөр 10.20 цагийн үед бэхэлгээний төмөр унаж, хүний амь хохирлоо. Манай сурвалжлах хэсэг хэргийн газарт очиход Чингэлтэй дүүргийн цагдаагийн шуурхай албаныхан болон Нийслэлийн онцгой байдлын газрынхан ажиллаж байв. Унасан төмөр нь барилгын дээвэрт тогтоосон дүүжин шатны бэхэлгээ байжээ. Тухайн үед замын хөдөлгөөнд оролцож байсан нэгэн жолооч “Дүүжин шатны бэхэлгээ барилгын 16 дугаар давхраас унасан. Замын гуравдугаар эгнээнд зогсож байсан хар өнгийн “Ланд круйзер-200” маркийн машины дээд хэсгийг цөмлөн, жолоочийн толгойг цохихыг харсан” гэж ярив. Барилга дээрээс төмөр унахыг харсан иргэн цөөнгүй байв. Тэдний нэг Баянгол дүүргийн иргэн Х.Булаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Та явган явж байсан гэсэн. Юу болсон талаар ярьж өгөөч?
-Эмээ нь танил хөгшинтэйгөө явган хүний замаар алхаж байтал “Төмөр уналаа” гэж хүн орилох шиг болсон. Толгойгоо дараад зугтах гэтэл машин дээр төмөр унаад, шил нь хагарсан.
-Хамт явсан хөгшний бие нь тавгүйтсэн гэсэн үү?
-Эмээ нь 62 настай, хамт явсан хөгшин 70 шахаж байгаа. Насандаа ийм аймшигтай явдал хараагүй болохоор хөгшний бие тавгүйтэн, даралт нь ихэссэн. Сая машинд суулгаж, эмнэлэг рүү явууллаа гэв.
Хэргийн газрын үзлэг хийхийн тулд 10.30-12.30 цагийн хооронд зам хааж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн ажиллав. Талийгаач Эдийн засгийн хөгжлийн яамны жолооч байсан гэдгийг тус яамныхан хэлээд “Гэнэтийн золгүй явдлаас болж манай яамны жолооч цаг бусаар амь насаа алдсанд харамсаж байна” хэмээгээд өөр зүйл ярихыг хүссэнгүй. “Ланд круйзер-200” маркийн 31-39 УНР дугаартай машинд жолооч ганцаараа явсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Өндрөөс унасан төмөр машины дээд хэсгийн цөмлөж, жолооч эмнэлгийн тусламж авч чадалгүй
нас барлаа
“Макс” группийн захиалгаар БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Фасад-Ин” компанийн барьж буй “Grown tower”-ийг өнгөрсөн жилийн II улирлаас барьж эхэлжээ. Барилгын ажлыг ес эхэлсэн энэ өдрүүдэд хийх боломжгүй. Харин тус барилгын ажил яагаад үргэлжилж байсан, юу хийж байгаад бэхэлгээний төмөр унагаасан талаар тодруулахаар “Макс” группийн байранд очтол “Захирлууд гадаадад ажлаар яваа. Дээрх барилгын гаднах фасадны ажлыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Фасад Ин” ХХК гүйцэтгэж байгаа. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд тавих хяналт хангалтгүйгээс осол гарах нөхцөл бүрдсэн учир асуудлын мөрөөр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. “Макс өргөө” ХХК барилгын ажлын явцад хяналт тавих үүргийнхээ дагуу шалгалт хийн илэрсэн зөрчлийг арилгах талаар шаардах хуудас хүргүүлж, барилгын ажлыг зогсоох зэрэг арга хэмжээ авч байсан ч өнөөдөр ийм харамсалтай хэрэг гарч, хүний амь нас хохирсонд гүнээ харамсаж байна” гэв.
Төмөр унахыг харсан иргэд “Барилга дээр ажиллаж байсан хүмүүсийг микроавтобусанд суулгаад аваад явсан” гэж ярилаа. Энэ талаар хэргийн газарт ажиллаж байсан цагдаагийн ажилтнаас тодруулахад “Хэргийн газрын үзлэг дуусаагүй байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Барилга дээр ажиллаж байсан хүмүүс зугтсан эсэхийг бид хэлж мэдэхгүй. Дуудлагын дагуу ирээд үзлэг хийх үеэр гүйцэтгэгч компанийнхан ирсэн. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Барилга дээр ажиллаж байсан нэрээ нууцлахыг хүссэн залуу “Хүйтэрснээс хойш манай барилгын ажил зогссон ч зарим нэг заслыг цөөн хүн хийж байсан. Хөд өлмөрийн аюулгүй байдлыг уг нь сайн хангаж өгдөг. Барилгаас бэхэлсэн шатны татлага яагаад тасарсныг мэдэхгүй” гэв. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн дээрх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, барилгыг битүүмжилжээ.
Х.ОЮУНСҮРЭН, Ч.МӨНХЗУЛ