Цагдаагийн байгууллагынхан, тэр дундаа Мөрдөн байцаах газрын ажилтнууд хар тамхи, мансууруулах бодистой хийх тэмцлээ эрчимжүүлж, олон арга хэмжээ авч байгаа. Үүний дүнд хар тамхитай холбоотой гэмт хэрэг харьцангуй цөөрч байгаа гэх үзүүлэлт гарчээ. Тухайлбал, өнгөрсөн онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 40-өөд хэргийг УМБГ-т шалгасан нь өмнөх жилүүдээс цөөрсөн үзүүлэлт юм.
Өөрсдийгөө од хэмээн нэрлэх болсон хип хопчин зарим залуу хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн түүх бий. Нэг хэсэг нам жим байсан хип хоп, рок поп хамтлагийн “одод” дахиад хар тамхины хэрэгт холбогдоод байгаа тухай мэдээлэл байна.
ДУУ БИЧЛЭГИЙН СТУДИ ХАР ТАМХИЧДЫН ОРОГНОДОГ ГАЗАР БАЙЖЭЭ
УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх тасгийн ажилтнууд Цагдаагийн эрэлч нохойн албатай хамтран уржигдар шөнө их хэмжээний хар тамхи илрүүлжээ. Дээрх хоёр байгууллагын ажилтнууд хамтран өнгөрсөн намраас хар тамхитай тэмцэх чиглэлээр албаны нохой сургаж эхэлсэн юм байна. Нохой сургасны үр дүн гарч, нууцаар хар тамхи борлуулдаг, хар тамхичдыг цуглуулан мансууруулдаг ажил зохион байгуулдаг нэгэн газарт шалгалт хийсэн байна. Энэ үеэр тэндээс мансууруулах ургамал болох каннабис, нийлэг аргаар гаргаж авсан “мөс” буюу “Ice” их хэмжээгээр хураан авчээ. Энэ талаар УМБГ-ын холбогдох албаны хүнээс лавлахад “Дөнгөж шалгаж эхэлж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй. Юутай ч цагдаагийн байгууллага өөрсдийн сургасан эрэлч нохойн тусламжтайгаар хар тамхи илрүүллээ” гэв.
Бидэнд олдсон мэдээллээр хар тамхи хэрэглэгч залуусын цугладаг байсан газар нь Төмөр замын төв буудлын замын эсрэг талд орших орон сууцны хонгилд байрладаг дуу бичлэгийн студи байжээ. Тэнд залуус дуугаа бичүүлж, дээрх хоёр төрлийн мансууруулах бодис хэрэглэж байсан гэнэ. Үүнийг нь батлах хэд хэдэн баримт, тугалган цаас, тусгайлан бэлтгэсэн ундааны сав, ууттай өвс зэргийг хураан авч, шинжлүүлэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Гаалийн төв лаборатори зэрэг байгууллагад хүргүүлжээ. Түүгээр зогсохгүй уг хэрэгт холбогдуулан дуу бичлэгийн дээрх студийг ажиллуулдаг Х, Г гэх хоёр залууг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Хилээр хар тамхи оруулж ирэхээс урьдчилан сэргийлж, гааль, хил хамгаалах байгууллагынхан эрэлч нохой ашиглаж байсан бол одоо цагдаагийн байгууллага хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх нохойтой болсон аж. Үнэрч гурван нохой бэлтгэхийн тулд УМБГын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эд мөрийн баримтаар хураасан мансууруулах бодисуудаас Албаны нохойн сургалтын төвд өгсөн юм байна.
Хар тамхи илрүүлэх чиглэлээр мэргэшсэн нохой гадаадаас авахад өндөр үнэтэй байдаг бөгөөд цагдаагийн байгууллага өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан сургажээ. Ингэснээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч, наймаачидтай хийх тэмцэлд мэдэгдэхүйц ахиц гарна гэж тэд үзэж буй юм. Өмнө нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг илрүүлэх үеэр сэжигтэн, яллагдагч нар “Цагдаагийнхан өөрсдөө барьж авчраад хийчихсэнээ олсон мэтээр баримт бүрдүүлж байна” хэмээн хэргээ хүлээдэггүй тохиолдол гарч байжээ.
Т.ДЭЛГЭРМӨРӨН АРХИНЫ ХОРДЛОГООР УХААН АЛДЖЭЭ
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнг машиндаа ухаангүй байхад нь олсон талаар хэвлэлд бичсэн. Түүнийг мансуурсан байхад нь олсон гэцгээж байв. “Энхтайвны гүүрний орчимд нэг хүн машиндаа ухаангүй байна” гэсэн дуудлагаар өнгөрсөн сарын 26-нд очсон цагдаагийнхан дуучныг ухаан алдсан байхыг олсон аж. Түүнийг Яаралтай тусламжийн автомашинаар эмнэлэгт хүргэж, хордлого тайлах эмчилгээ хийсэн байна. Хууль хяналтын байгууллагынхан шинжилгээ хийж үзээд мансууруулах бодист бус, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордсон болохыг тогтоожээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд нь Замын цагдаагийн газраас Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан гэнэ.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН Д.СУГАРЫН ХҮҮГ УДАХГҮЙ ШҮҮНЭ
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү хар тамхи хэрэглэсэн, хууль бусаар олж авсан хэрэгт холбогджээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний хүү С.Цог нарын 10 гаруй хүнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч нарын нэлээд нь эмэгтэй гэнэ. Энэ талаар НПГ-ын эх сурвалж “Сугарын Цог нарын 12 хүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авч, бэлтгэсэн, хадгалсан, борлуулсан, тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хурал энэ сард болох байх” гэлээ. Уг хэргийг хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд өдгөө дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх энэ сарын 20-доор товлохоор болж буй гэнэ. Дээрх хүмүүс өмнөд хөршөөс “мөс” авчирч хэрэглэж байсан гэнэ.
Г.РАВЖАА