Найз залуу нь 48 цагийн турш зодсоны улмаас амиа алдсан 21-хэн настай бүсгүйн үхэл нийгмийг цочроогоод байна. ГССҮТ-ийн эмч н.Цэнд-Очир “Хоёр удаа мэс засал хийсэн, найдваргүй болсон байна. Гаднын нөлөөтэй, зодуураас болж амиа алджээ. Ил шархнаас гадна, цөс нь задарч, биеэр нь тархсан байна. Ийм тохиолдолд ямар ч найдваргүй байдаг” гэж ар гэрийнхэнд нь хэлжээ.
Бодит байдал ийм байхад Шүүх эмнэлгийн шинжээчид “Гадны нөлөөгүй, хүндэвтэр гэмтэл” гэсэн дүгнэлт гаргаж, гэмт этгээдэд ял завших боломж олгон, хөөрхий бүсгүйн ясыг өндөлзүүллээ. Хэн ч харсан илэрхий энэ хэргийн үнэн мөнийг олохыг олон нийт шаардаж эхлэв. Хуулиар хамгаалагдсан хүний эрх, амь насыг нь дураараа үгүй хийчихээд байхад ийм дүгнэлт гаргасан шүүх эмнэлгийнхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бухимдаж буйгаа өөрийн “Твиттер” хуудсаараа дамжуулан илэрхийлэв. Тэрбээр “Энэ талаарх мэдээллийг уншаад бухимдлаа. Энэ асуудлыг нягтлахыг зохих хүмүүст сануулсан. Төрийг засъя, хүчирхийллийг зогсооё гэснийг ингэж эсэргүүцэв үү” гэж бичжээ.
О.УНДРАХ