АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 2013 онд УИХ-ын гишүүдээс нэг бус хүнийг шалгажээ. Тухайлбал, хамгийн сүүлд БСШУ-ы сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэргийг шалгуулахаар УМБГ-аас шилж үүлээд байгаа юм. Түүнээс өмнө УИХын гишүүн С.Дэмбэрэл байцаагдсан юм. Түүнийг МҮХАҮТ-ын даргын албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгон, тус танхимын нэр дээр олгосон газраас 5000 ам метр талбайг “Дэлхийн худалдааны төв” төрийн бус байгууллагад шилжүүлж, байгууллагын өмчийг үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр шалгаж байтал Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ.
Мөн УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар 2000-2007 онд ажиллаж байхдаа “Эксим инвест” компанийн захирал И.Жавхланттай тохиролцон, 2.4 сая ам.долларын вексель бичиж, тоног төхөөрөмжийн гэрээ байгуулан, урьдчилгаа гэж 2.4 сая ам.доллар олгосон хэрэгт буруутган шалгасан билээ. Уг хэргийг НПГ-аас мөн л хэрэгсэхгүй болгоод байгаа. УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болж байсан “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг баривчлан саатуулсан. Гэвч сонгуулийн дараахан буюу 2012 оны долдугаар сарын 2-нд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Түүнийг ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын мэргэжилтэн Ганбаатар, Сангийн яамны мэргэжилтэн Мөнхгэрэл нарт 18000 ам.долларын хахууль өгөхийг завдсан хэрэгт буруутгасан юм.
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН УДИРДЛАГУУД ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭНЭ
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Т.Ганболдыг 2008 оноос хойш АТГ-т шалгаж байгаа. Түүнийг “Албан тушаалаа урвуулан 2007 онд хүнд даацын автомашин худалдан авах тендерийг хууль бусаар шалгаруулж, хуучин гурван машиныг 409 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ нь зах зээлийн үнээс 147 сая төгрөгөөр өндөр байсан. Мөн тус үйлдвэрээс “Эрдэнэт”-д нийлүүлэх ган бөмбөлгийн бэлдэцийг шууд нийлүүлэх боломжтой байтал үеэл дүү Д.Ирмүүний Хонконгод бүртгэлтэй “Стандарт металс” компаниар дамжуулан нийлүүлэх гэрээ байгуулж, үнийн дүнгийн зөрүү гурван сая ам.долларыг завшсан” гэх хэрэгт буруутгаж байгаа бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Ц.Бат-Энх албан тушаал, эрх мэдлээ ашиглан төрсөн эгчийнхээ хүү Б.Билгүүний “Хур хүү” компанид давуу эрх олгон 1000 тн ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулж, 870 мянган доллараас 783 мянгыг нь тус компани руу шилжүүлсэн хэрэгт буруутгаж байгаа аж. Уг хэрэгт мөн л яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Харин “Монголросцветмет” компанийн удирдлагын хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон байна. Тус компанийн захирал О.Эрдэнээ, орлогч Т.Доржбал нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан төрийн өмчийг үнэгүйдүүлсэн хэрэгт буруутгаж байсан юм. Дээрх хүмүүс дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр өөрийн гэр бүлийн гишүүдийн хувь оролцоотой “Интердесижн” компани руу төрийн өмчит компанийн хөрөнгийг шилжүүлсэн гэж буруутгаж байжээ.