АТГ 2013 онд хийсэн ажлынхаа талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн 255 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ. Үүний 26-г нь ажлаас халсан бол, 22-ыг нь албан тушаал бууруулах зэргээр сахилгын арга хэмжээ тооцуулсан гэдгийг тус хэлтсийн дарга Ж.Батсайхан мэдээллээ.
Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Энэ онд 970 гомдол, мэдээлэл хүлээн авсны 422 нь гэмт хэргийн шинжтэй байсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 18.2 хувиар өсчээ. Мөрдөн шалгах хэлтэс өнгөрч буй онд эрүүгийн 187 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан. Үүний 70-д нь төрийн албан тушаалтан холбогдсон. Хээл хахууль өгсөн 20, авсан 22 хэрэг бүртгэгдсэн байна. Нийт хэргийн 60 хувь нь нийслэлд, орон нутагт 40 хувь нь гарчээ.
Орон нутагт гарсан авлигын хэрэг өсөж байгаа нь сум орон нутгийг хөгжүүлэх сантай холбоотой. Сумдын Засаг дарга нарт холбогдох авлигын хэргүүд нэмэгдэж байна. Хөдөөнөөс хамгийн олон хэрэг гарсан газар бол Сэлэнгэ, Өмнөговь аймаг. Тэнд гарсан гэмт хэргийн хохирлын хэмжээ өсөх хандлагатай байгаа” гэв.
Г.РАВЖАА