Улирч буй 2013 онд улс орны дотоодод олны анхаарал татсан олон үйл явдал тохиов. Тэр дундаа хууль, шүүхийн байгууллага, эрүүгийн нөхцөл байдалд олон дуулиант үйл явдал боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хууль, шүүхийн байгууллагад багагүй өөрчлөлт оров. Шүүх анх удаа бие даан шүүгч нарынхаа цалин хангамжийг шийдвэрлэж, ахуй амьдралыг нь дээшлүүлэхэд чиглэсэн ажлын гараагаа эхлүүллээ. Иргэд анх удаа шүүхэд шийдвэр гаргах түвшинд төлөөлөгчөөр оролцох эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч Үндсэн хуулийн цэцэд бүдэрчихээд байна. Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” хийх шилжилтийг олон нийт талархан хүлээн авч, намууд дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурав. Гэмт хэргийн, Мөрдөх албаны, Цагдаагийн байгууллагын гээд олон хуулийн төсөл УИХ-аар батлагдаж, зарим нь хэлэлцүүлэгт байгаа. УИХын зарим гишүүн Өршөөлийн хууль санаачилж, УИХ-д өргөн барьсан нь амьдралдаа алдаа гаргаж, “аав”-ын хаалга татсан олон хүнд хүлээлт үүсгэсэн хэвээр. Гэмт хэргийн тухай хуулийн хэлэлцүүлгээс болж дээрх хуулийн төсөл гацаж, өнгөрч буй 2013 онтой түүх болон үлдэх нь. Хууль эрх зүйн орчны хувьд ийм өөрчлөлт шинэчлэл, дэвшилтэй он байлаа.
Үүдээ хааж буй 2013 оны хувьд Монгол Улсад шинэ төрлийн гэмт хэрэг, урьд нь хууль, шүүхийн практикт хэрэглэж байгаагүй Эрүүгийн хуулийн заалтуудыг анх удаа амьдралд хэрэглэв. Үүний нэг нь дэлхий нийт, олон улсад эрчимтэй тэмцэж буй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг зүйл заалт байв. МИАТ-ын гэх тодотголтой тус компанийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс албан тушаал, эрх мэдлээ ашиглан гадаад руу мөнгө угаасан гэх дуулиан 2012-2013 оны зааг дээр олны анхаарлын төвд орсон. Энэ дуулианы араас цагаан захтнуудын албан тушаалаа ашиглаж, мөнгө угаасан байж болзошг үй хэд хэдэн үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлснээ сүр дуулиантай зарласан хэдий ч оны төгсгөл болоход нэг хэргээс бусдыг нь “шалгаж байна” гэсээр өдий хүрэв. Монголд урьд хожид дуулдаж, шийдвэрлэж байгаагүй мөнгө угаах гэсэн шинэ төрлийн гэмт хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж, саар дүн тавихад хүрээд байна. Шүүхийн нэр хүндэд нөлөөлсөн, мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхг үй болгож шийдвэрлэсэн нь хууль тогтоогчдын хариуцлагагүй байдалтай холбоотой гэсэн хардлага олны дунд бий боллоо.
Улиран одож буй 2013 он Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсонтой холбоотойгоор мөн л Өршөөлийн хуулийг шоронд ял эдэлж буй хүмүүжигчид хүлээж байв. Гэвч Монгол Улсын дөрөв дэх тэргүүн маань ялалтынхаа дараахан гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт л ганцхан уучлал үзүүлсэн нь бас л түүний нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн гэхэд хилсдэхгүй. Төрийн хэд хэдэн өндөр албан тушаал хашиж асан Н.Энхбаярыг гурван шатны шүүх албан тушаал, эрх мэдлээ урвуулсан, төрийн өмчийг бусадтай нийлж завшсан нь тогтоогдсон гэж үзээд хорих ял шийтгэсэн ч Сайд нарын гэгдэх II эмнэлэгт тусгай өрөөнд эмчилгээ хийлгэсээр байгаад ялаас чөлөөлөгдөн өдгөө хилийн чанадад эмчлүүлж, намынхнаараа эргүүлэн сууж байгаа. Эрүүгийн хуульд байдаг атлаа амьдралд тэр бүр хэрэглээд байдаггүй өөр нэгэн заалт хэрэгжсэн нь зандалчлах гэсэн зүйл анги. “Урт нэртэй” хуулийг амьдралд хэрэгжүүлэхийг шаардсан хөдөлгөөнүүдийн тэмцлийг иргэд төдийгүй төрийн алба хаагчид дэмжиж байсан хэдий ч Ц.Мөнхбаяр тэргүүтэн ганцхан удаагийн болчимгүй үйлдлээрээ олны дургүйцлийг өөрсөд рүүгээ татсан нь энэ оны есдүгээр сарын 16- ны хэрэг явдал байв.
Төрийн тусгай хамгаалалттай бүсэд галт зэвсэг, байлдааны гар бөмбөгтэй нэвтэрч, иргэдийг айлгаж сүрдүүлсэн. Тэд энэ хэргээсээ өмнө ч хэд хэдэн удаа байгууллага, аж ахуйн нэгж рүү зэвсэглэн халдсан ч Сонгинохайрхан дүүргийн шүүх толгойг нь илж явуулснаар эцэстээ ийм байдалд хүргэв. Эрүүгийн нөхцөл байдлын хувьд өнгөрч буй он тийм ч таатай байсангүй. Улсын хэмжээнд 20 гаруй мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх жилүүдийнхээс буурсан хэдий ч харгис, хэрцгий, олныг хэрдхийлгэсэн үйлдэлтэй хэрэг нэг бус удаа гарлаа. Ахуйн хүрээний архидалт тасрахгүй байгаагаас аав нь хүүгээ, эхнэр нь нөхрөө, ах нь дүүгээ хөнөөсөн онц хүнд хэрэг хэд хэдэн удаа гарав. Түүнчлэн ямххан зүйлийн төлөө албан үүргээ гүйцэтгэж явсан, тангараг өргөсөн төрийн алба хаагчид бусдын гарт амиа алдсан хоёр ч хэрэг гарсан. Нэг нь Ховд аймгийн Булган суманд цагдаагийн алба хаагч хулгай хийж байсан казах залуусын суманд өртсөн бол Сүхбаатар аймагт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэхээр айлд очсон шийдвэр гүйцэтгэгч амиа алдав.
Төрсөн хүүхэд, ханилж байсан ханьдаа 88 толгой мал тасдаж өгөх, эсэхийн төлөө төрийн алба хаагчийн аминд халдсан этгээд хээр өөрийгөө егүүтгэсэн байсныг цагдаагийнхан олсон. Гадаад оронд амиа алдсан, эсвэл өөрсдөө гэмт хэрэгт холбогдож байгаа нь монголчууд харь оронд явахдаа болгоомжтой байхыг сануулсаар байна. Хар тамхины хэрэгт холбогдогчид буурсан хэдий ч тэдний үйлдэл, арга нь улам нарийсч байгаа тул хууль, хяналтын байгууллагынхан гэмт этгээдүүдээс нэг алхам түрүүнд алхах гараагаа эхлүүлэв. Энэ мэтээр олныг цочирдуулсан, анхаарлыг татсан хэрэг, дуулиан шуугианаар дүүрэн нэгэн он алсрав.