“Улаанбаатар төмөр” замын Москва дахь төлөөлөгч Пүрэвбаатар гэж өөрийгөө танилцуулсан хүн энэ сарын 23-нд Буянт-Ухаа дахь гаалийн хяналтын бүсэд дайран орж, гаалийн байцаагчийг зоджээ. Түүнийг гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй дайран ороход нь тухайн үед тэнд ажиллаж байсан гаальчид тусгай хяналтын бүсэд орсныг нь сануулсан аж. Гэтэл уг хүн тэдний шаардлагыг хүлээж авалгүй, “Ажлаас чинь халуулна” хэмээн танхайрсан гэнэ. Болсон үйл явдал дүрс бичлэгийн камерт бичигдэн үлдсэнийг цагдаагийн байгууллагад өгсөн тухай гаалийн ажилтан хэлэв.
Уг хэргийг одоо Буянт-Ухаа дахь Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Үүний өмнөхөн энэ сарын 11-нд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Буянт-Ухаа дахь салбарт Монгол-БНСУ-ын хамтарсан төрийн өмчит “Монсам” компанийн захирал гэх хүн АНУ-аас оруулж ирсэн иж бүрэн зургаан компьютерийг гаалийн татваргүйгээр улсын хилээр оруулахыг завджээ. Тэрбээр компьютерт нь татвар ногдуулсан гаалийн ажилтнуудыг элдвээр заналхийлэн доромжилсон гэнэ. Уг үйл явдал тэнд суурилуулсан дүрс бичлэгийн камерт бас бичигджээ.
Х.ЭРХЭМ