Зам тээврийн осол, хэрэг сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа. Машиныхаа хурдыг тохируулдаггүй, хажуу болон хоорондын зайгаа барьдаггүйгээс өдөрт 20-30 осол, зөрчил гарч байна. Өнгөрсөн даваа гаригт гэхэд дээрх тооны ослын 357 дуудлага хүлээн авсан бөгөөд гадаадын хоёр ч орны ЭСЯ-нд бүртгэлтэй автомашин осолджээ. Тухайлбал, АНУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ны “Toyota Highlander” маркийн машины жолооч тус улсын иргэн В нь Залуучуудын өргөн чөлөө буюу “Орчлон” сургуулийн урд замд суудлын “Toyota Ist” маркийн машинтай мөргөлдсөн байна.
Мөн Бүгд Найрамдах Куба улсаас манай улсад суугаа ЭСЯ-ны “Hyundai Tucson” маркийн автомашин нь МУБИС-ийн уулзварт “Toyota Cresta” маркийн автомашинтай мөргөлджээ. Дээрх хоёр ослын шалтгааны талаар ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн ажилтнаас тодруулахад “Ослын шалтгаан нөхцөлийн талаарх шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа учраас хэлэх боломжгүй. Замын нөхцөлд хурдаа тохируулаагүй, бие биедээ хүндэтгэлгүй хандсанаас зам, тээврийн осол гарч байгаа шүү дээ” гэлээ.
Нийслэлд өнгөрсөн даваа гаригт зам, тээврийн ослын улмаас 26 хүн гэмтсэний тав нь хүүхэд байв. Энэ өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 хүнийг замын цагдаагийн ажилтнууд илрүүлжээ.
Г.РАВЖАА