Өмнөд Африкийн хамгийн том “Standard Bank”-ны зөвлөх Крис Брэдлиг Монгол Улсаас гарахыг хориглоод байсан. Тэрбээр энэ сарын 19-нд Монголын хилээр гарснаа Шинэ Зеландын Окланд хотоос өнгөрсөн даваа гаригт мэдээлсэн гэж business- standard.com цахим хуудсанд бичжээ. Крис Брэдли нь “Standard Bank”-наас “Жаст групп” компанид 131 сая ам.долларын зээл олгосонтой холбоотой асуудлаар Засгийн газартай хэлэлцээ хийхээр өнгөрсөн сард манай улсад ирсэн таван хүний нэг аж.
“Жаст групп” зээлээ эргүүлэн төлөхгүй байгааг тус банк өмнө нь мэдээлж байсан. Дээрх санхүүжилтийг 2007-2010 онд “Жаст групп”-д олгожээ. Крис Брэдли нь өнгөрсөн сарын 29-нд Монголын хилээр гарах гээд чадаагүй бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан билээ. Сүүлийн есөн жил “Standard Bank”-нд зөвлөхөөр ажилласан тэрбээр тавдугаар сараас хойш Монголд таван удаа иржээ.
Ц.БОЛОР