Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Нямдаваад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн нэлээд удаан хугацаанд шалгаж байгаад Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Түүнтэй хамт гурван хүн яллагдагч, шүүгдэгчээр татагдсан бөгөөд уг хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн шүүхэд боллоо.
Тэднийг албан тушаал, эрх мэдлээ урвуулсан, бусдыг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэг яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Г.Нямдаваа нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 350 сая төгрөгийг залилсан хэмээн буруутгаж буй юм.