Монголд хулгай хэрээс хэтэрч, айлын тогоо, шанага, усны ган, тавгийн идээ, ууц, буузыг нь хүртэл хумсалсан хэрэг олноор гарах болсон. Нийтийн тээврийн унаанд суусан иргэдийн цүнх, халаасанд өөр хэн нэгний гар шургалж хэтэвч, гар утас, бичиг баримтыг нь суйлж хохироодог.
Цагдаагийн байгууллагынхан хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, ажилладаг ч иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй байдлыг хулгайч нар ашигладаг. Олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк хуудсаар өнгөрсөн жил нэгэн эмээ, хоёр охиныхоо хамт компьютерийн дэлгүүрээс зөөврийн цахим тооцоолуур хулгайлсан бичлэгийг цацсан. Тэдний үйлдэл дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн бөгөөд үүний дагуу хууль хяналтын байгууллагынхан хэрэгтнүүдийг илрүүлж, Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн есдүгээр сард шийдвэрлэсэн юм. Иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлээсэй гэсэн үүднээс энэ хэргээс товчлон хүргэе.
АМТАШСАН ХЭРЭЭ 13 ДАХИДАГ
Булган дээл, малгайгаар гоёсон 60 гаруй насны эмэгтэй, 20 гаруй насны охинтой сугадалцан, 40-өөд насны нэг эмэгтэй хажууд нь дагаж, охин нь худалдагчийн анхаарлыг сарниулж, эмээ шилэн лангуун дотроос зөөврийн компьютер хулгайлж байгаа бичлэгийг уншигчид үзсэн байх. Энэ бичлэг дээрх хүн бол Сонгинохайрхан дүүргийн харьяат 63 настай П, зээ охин 22 настай Хгийн хамт явж байгаад гэмт хэрэгт холбогдсон дүрс. Хулгай хийж буй хүмүүс янз бүрийн арга хэрэглэж, хүний анхаарлыг сарниулж, самгардуулдаг. Дээрх хоёр хүн ч тийм арга хэрэглэсэн гэнэ. 2013 нэгд үгээр сарын 25-нд “IT World” компьютер худалдааны төвийн В-14 лангуунаас 1.4 сая төгрөгийн үнэтэй “Леново” маркийн нөүтбүүк хулгайлж буй нь тэр. Худалдагч залуу компьютер алга болсныг мэдмэгцээ хяналтын камерын бичлэгээ үзэж, улмаар цахим хуудаст бичлэгийг байршуулсан юм. Эмээ, зээ охин хоёр хамтарч хулгай хийгээд амташсан бололтой. Хулгай хийх үедээ охиных нь өмсөж явсан булган дээл ч мөн буруу гараар олсон эд байсан гэх. Тэд 2011 оны нэгдүгээр сард Улсын их дэлгүүрийн үслэг эдлэлийн тасгаас хулгай хийж, охин нь түүгээрээ гангарч явсан аж. Хоёр сая шахам төгрөгийн үнэтэй булган дээлний төлбөрийг худалдагч бүсгүй барагдуулсан талаараа мөрдөн байцаагчид мэдүүлжээ.
Хохирогч Г “Нэг сая есөн зуун ерөн есөн мянга есөн зуун ерөн төгрөгийн үнэтэй булган дээл алдаж, цалингаасаа төлсөн. Тухайн үед хяналтын камерийн бичлэг үзэж байхад нэг охин булган дээл өмсөж үзэж байснаа тайлалгүй гараад явчихсан байсан” хэмээжээ. Эмээ, охин хоёр 2010 оноос “хамтын хөдөлмөр”-өө эрхэлжээ. Охин нь худалдагчийг хааж зогсоод, компьютерийн хулгана, вэб камер авах гэсэн юм гээд үзэж байхад эмээ нь ард нь “ажлаа амжуулж” буй нь камерийн бичлэгт тод үлдсэн аж. Энэ тухай хохирогч О “Компьютер Ланд” төвийн 109 дүгээр лангуунд сууж байтал 50 гаруй насны авгай, 20 орчим насны хүүхэнтэй ирээд юм үзэж байгаад хүүхэн нь маус, камерын үнэ асууж, шалгаж үзье гээд байсан. Түүний хүссэнээр бараагаа үзүүлж байхад нөгөө авгай гарчихаад эргэж орж ирэхдээ “Банкинд мөнгө орсон байна, хамт явж авъя” гэсэн. Хүүхэн нь үлдээд нөгөө авгай нь гарч яваад “Манай дүү үүнийг авах гээд байгаа юм. Гадаа байгаа дуудаад ирье” гэж хэлж яваад эргэж ирээгүй. Тэднийг явснаас хойш 20 минутын дараа би компьютер алга болсныг мэдэж, хяналтын камерын бичлэгийг шүүж, тэр авгай хулгайлж байгааг мэдсэн. Алдагдсан нөүтбүүк тухайн үеийн ханшаар 450 мянган төгрөгийн үнэтэй” байсан гэжээ.
“ЭМЭЭ НЬ ТООЦООГ НЬ ХИЙЧИХНЭ”
Эх хүн хүүхдээ хүний дор оруулахгүй, өнгөтэй өөдтэйг өмсөж, гайгүй эд хэрэглүүлэхийг хүсэх нь мэдээж. Магадгүй П эмээд ийм санаа байсан байх. Тэтгэврийн хэдээрээ авч өгч дийлэхг үйгээс хойш өөр арга сэдсэн нь хулгай хийх байсан бололтой. Тиймээс МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж байсан зээ охиноо дагуулан явж хулгай хийсэн байх. Тэрбээр хэргээ хүлээж мэдүүлэхдээ “2010 оны есдүгээр сард “Компьютер Ланд” төвийн нэгдүгээр давхарт байдаг нэгэн лангуунаас зээ охин Х-гийн хамт “Сони” маркийн нөүтбүүкийг худалдагчийнх нь нүдийг хариулж байгаад авсан. Түүнээс хойш 2011 оны нэгдүгээр сард Улсын их дэлгүүрээс охиндоо хувцас авч өгөх санаатай дагуулж яваад булган дээл өмсүүлж үзсэн чинь их гоё таарч, сайхан зохиж байсан. Тэгэхээр нь “Эмээ нь мөнгийг нь төлчихнө. Чи өмсөөд гарч бай” гэж хэлээд явуулсан. 2013 оны нэгдүгээр сард зээ Х, охин Т нарын хамт явж байтал үзэсгэлэн худалдаа гарч байна гэхээр нь “IT World”-ын хажуугаар гарч цирк рүү явсан юм. Энэ үед зээ охин Х маань хуучин нөүтбүүкээ шинээр солиулахад зөрүү хэдэн төгрөг болох бол. Орж үзье гэсэн. Худалдагчаас Т, Х нарыг юм асууж байх хооронд нь би “Леново” маркийн компьютер авсан. Хулгай хийхийг би санаачилдаг байсан” хэмээжээ.
Шүүх хохирлын хэмжээ, хэрэгт холбогдсон гурван хүний хэргийн оролцоо, өөрсдөө гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгавартай оноосон байна. Тухайлбал, П-д гурван жил, зээ охин Х-д хоёр жил зургаан сар, охин Т-д хоёр жил нэг сарын хорих ял ногдуулжээ. Улмаар үйлдсэн хэргээ хүлээсэн, хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг нь харгалзан хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн байна. П, Х нар 2013 оны нэгдүгээр сард хулгай хийснээсээ хойш гурав хоногийн дараа “IT World”-оос хулгайлсан компьютерээ хүргэж өгс өн бол бусад хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулсан аж. Хохирогчид ч “Хохирлоо төлүүлсэн, ямар нэг гомдол саналгүй” хэмээн мөрдөн байцаагчид мэдүүлжээ.