“Жем Хужирт”, АПУ компанийн бүтээгдэхүүний нэр хүндэд нөлөөлөхүйц сурталчилгаа хийж байгааг шалгаж өгнө үү гэсэн хүсэлт ШӨХТГ-т иржээ. Уг хүсэлтийн дагуу шалгалт хийхэд “Штиммэ Лэбэнс” болон “ЦолмонУс” компани ХБНГУ-д үйлдвэрлэсэн, ОХУ-ын “Фаворит” компаниас импортлон оруулж ирсэн “Stimme Lebens” нэрийн ус цэвэршүүлэгч төхөөрөмж борлуулахдаа дээрх хоёр компанийн нэрийг дурдсан байна.
Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудыг зөрчсөн хэмээн ШӨХТГ-аас “Штиммэ Лэбэнс” болон “Цолмон-Ус” компанийг тус бүр арван сая төгрөгөөр торгож, дахин зөрчил гаргавал үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болов. Түүнчлэн АПУ компани “Боргио” шар айрагныхаа шошгонд “Монголын №1 пиво” гэж бичсэн нь Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн аж. Тиймээс уг бичвэрийг арилгуулахаар тус компанид улсын байцаагчийн албан шаардлага өгчээ. Тус компани “Боргио” шар айрагны одоо байгаа шошго, бөглөө, лааз болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийг борлуулж дуусгаад дахин ийм зөрчил гаргахгүй байх үүрэг хүлээжээ.
Мөн АПУ компани “Чингис хаан” архин дээрх морьт хүний дүрс бүхий барааны тэмдэгтэй ижил тэмдэгтэй, адил нэртэй шар айраг үйлдвэрлэж, сурталчилдаг. Энэ шар айргаар дамжуулан архины далд сурталчилгаа хийсэн хэмээн ШӨХТГ үзжээ. Иймд “Чингис хаан” шар айрагны сав, баглаа боодол, бүтээгдэхүүний үлдэгдэл нөөцийг 2014 оны зургадугаар сарын 1 хүртэл зах зээлд борлуулж дуусгаад, зар сурталчилгаа түгээхгүй байх үүрэг өгчээ.
Т.САЙНАА