Хилийн чанадад Монгол Улсын иргэн, тэр дундаа эмэгтэйчүүд хүний наймааны золиос болж, хоёр бүсгүй цаг бусаар хорвоог орхиод байна. Олон нийтийн анхаарлыг татсан энэ асуудлаар “Өнөөдөр” сонин Редакцын уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Гадаад харилцааны яамны Консулын газрын III нарийн бичгийн дарга Ө.Өнөрмөнх, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа А.Бүдханд нар оролцлоо.
-Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Малайз улсад манай улсын иргэн Б.Энхтуяа амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Ар гэрийнхнийх нь ярьж буйгаар төрийн байгууллага хойрго хандсан гэх юм. Хэргийн талаар хэзээ мэдээлэл авсан юм бэ?
Ө.Өнөрмөнх: -Энэ хэргийн талаарх эхний мэдээлэл арваннэгд үгээр сарын 23-нд Бээжинд суугаа Монгол Улсын ЭСЯ-нд ирсэн. Тэр өдрөө ГХЯнд мэдэгдсэнээр бид ар гэрийнхэнд нь дуулгасан. Нот бичигт “Монгол Улсын иргэн Э 11 хоногийн өмнө нас барлаа” гэж бичсэн байсан. Малайзын талаас албан бичиг ирэхээс өмнө ийм хүн сураггүй боллоо, сураг гаргаж өгөөч гэсэн хүсэлт ГХЯ-нд ирээгүй.
О.Алтангэрэл: -ГХЯ-наас ар гэрийнхэнд нь мэдэгдсэн даруй манайд мэдээлэл ирсэн. Талийгаачийн ах манай яамны харьяа байгууллагад хандаж, дүүгийнхээ бичсэн мессежийг үзүүлж, туслахыг хүссэн байсан.
-Талийгаачийн ах аравдугаар сарын 4-нөөс хойш Эрүүгийн цагдаагийн газрын ажилтанд хандан тусламж хүссэн юм билээ. Тэр үед яагаад шуурхай арга хэмжээ авч, туслаагүй юм бэ?
О.Алтангэрэл: -Иргэний гаргасан гомдлын мөрөөр цагдаагийн ажилтан чадлынхаа хэрээр ажилласан гэж бид үзэж байна. Интерполын товчоонд хандчихаар бүх асуудал хормын дотор шийдэгдчих юм шиг хүмүүс ойлгодог. Түүнээс гадна манай иргэд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй байна. Монгол Улсын хууль хяналтын байгууллага өөр ямар ч улсад мөрдөн шалгах ажил явуулах эрхгүй. Бид мэдээллийг аваад, тухайн улсын цагдаагийн байгууллагад дамжуулж, эрх зүйн туслалцаа үзүүлэхийг хүсдэг.
-Талийгаачийн ар гэрийнхэн мөнгөний боломжгүйгээс болоод олон хоногийн дараа Малайз руу явлаа. Тэдэнтэй хамт Ажлын хэсгийн төлөөлөгчид явсан байх. Тэднээс хамгийн сүүлд ямар мэдээлэл ирэв?
Ө.Өнөрмөнх: -Талийгаачийн ар гэрийнхэн энэ сарын 18-нд Малайз руу явсан. Малайзын асуудлыг Бангкок дахь ЭСЯ хамаардаг. Манай төлөөлөгч 18-нд Малайзад очоод ар гэрийнхэнтэй нь уулзаж, 19-ний үдээс хойш цагдаагийн ажилтнуудтай нь уулзсан гэсэн. Иргэн Б.Энхтуяагийн амь насаа алдсан газарт Куала Лумпураас хоёр цаг гаруй явж байж хүрдэг юм билээ. Тэр газарт нь интернэтээр мэдээлэл дамжуулах боломжгүй учир утсаар байнга ярьж байна. Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяа, Б.Энхтуяагийн асуудал, мөн манай улсын гурван иргэн хар тамхины хэрэгт холбогдон, саатуулагдсан хэргийг шийдэхгүй удаж байгаа. Эдгээр асуудлыг нэгтгээд Гадаад харилцааны сайд Л.Болд Малайзын Гадаад хэргийн сайдад албан захидал илгээсэн.
-Куала Лумпурт Консулын газарг үй нь иргэдийг гайхашруулж байна. Зөвхөн энэ хэрэг бус хар тамхины хэргээр манай улсын олон иргэн хэрэгт холбогдоод удаж байна. Энэ улсад ЭСЯ биш юмаа гэхэд Консулын газар байгуулахг үй байгаагийн учир юу вэ. Манай улсын иргэдийн асуудлыг хариуцаж байсан Өргөмжит консул яагаад ажлаасаа татгалзсан юм бол?
Ө.Өнөрмөнх: -Консулын газар байгуулахыг Гадаад харилцааны яам дангаараа шийддэг асуудал биш. Засгийн газар, УИХ-аар хэлэлцэж шийддэг. 2006 онд иргэн Ш.Алтантуяагийн амь нас хохирох үед Өрг өмжит консул Даг Дуг гэдэг хүн байсан. Тэр хүн яагаад ажлаа өгөх болсноо бидэнд тайлбарлахгүй шүү дээ. Малайзын асуудлыг Бангкокоос хамаарч, Малайзын тал Монголын асуудлыг Бээжингээс хамаардаг. Хоёр улсын асуудлыг шийдэх газар нь өөр өөр улсад байгаа нь шуурхай ажиллахад нөлөөлж байна. Малайз руу манай иргэд визгүй зорчдог. Тус улсад Монгол Улсын 500 орчим иргэн амьдардаг.Түүний 300-350 нь оюутан. Үлдсэн 150 орчим нь ирэн, очин байдаг хүмүүс гэсэн судалгаа байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт сайдын зөвлөлийн хурлаар Малайзад Консулын газар байгуулах тухай хэлэлцээд дэмжсэн. Консулын газар байгуулах гурван статус байдаг. Дээд шатанд хэлэлцээд ямар статустай байгуулахыг шийдэх байх.
-Эрүүгийн цагдаагийн газрын ажилтанд талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаа бололтой. Энэ ажилтанд хариуцлага тооцох уу?
О.Алтангэрэл: -Иргэдийн гаргасан гомдлын мөрөөр бид шалгалт хийж байна. Хэрвээ буруутай нь тогтоогдвол тухайн ажилтанд хариуцлага тооцох болно.
-Монгол, Малайз хоёр улсын хооронд харилцан хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх орчин сайнгүй байгаа бололтой. Таны хэлснээр Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан чадлынхаа хэрээр ажилласан ч тэнд иргэн маань нас барчихлаа?
О.Алтангэрэл: -Хүний амь хохирсон үед бид онцгойлон яриад, анхаарал хандуулж байна. Монголчууд дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч байгаа. Монголчууд олноор ажиллаж амьдарч байгаа болон дипломат харилцаа тогтоосон оронд хууль зүйн атташе байлгая гэдэг саналыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дэвшүүлж, шаргуу хөөцөлдөж байгаа. Москвад байгаа хууль зүйн атташе ОХУ-ын цагдаа, шүүх, прокурорын байгууллагынхантай харилцаа тогтоож, мэдээлэл солилцдог. Монголчуудтай холбоотой асуудал үүсэхэд хууль зүйн атташе холбогдох хүмүүстэй шуурхай уулзаж, асуудлыг шийддэг давуу талтай. Хэрвээ Малайзад хууль зүйн атташе байсан бол асуудал өөрөөр шийдэгдэх боломжтой байсан. Монголоос цагдаагийн ажилтнууд албан тоот илгээж, хүсэлт гаргаж байснаас асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч газар дээр нь цагдаагийн ажилтнуудад хандвал өөр шүү дээ. Монголчууд хохирохоос гадна хулгай, дээрэм гээд олон гэмт хэрэгт холбогдож байна. Хэчнээн буруутай ч тэр хүн өмгөөлүүлэх эрхтэй. Өмгөөллийн хөлсийг төлөх асуудал монголчуудад хүнд дарамт болдог. Аль ч улсад эдийн засгийн чадваргүй хүнд өмгөөлөгчид сайн дураараа туслах хуультай. Хууль зүйн атташе байвал хамгийн наад зах нь хууль эрх зүйн туслалцаа яаж авахыг иргэдэд зааж өгнө.
-Гадаадад ажиллуулна, сургана гэх зар их байдаг. Энэ зарын үнэн бодит байдлыг шалгаж, хянадаг газар байдаггүй. Үүний цаана хар тамхи, хүний наймааны зуучлагч байгааг үгүйсгэх аргагүй юм. Энэ асуудлыг цэгцлэх боломж байна уу?
Ө.Өнөрмөнх: -Монгол Улс Үндсэн хуульдаа иргэн сурах, зорчих эрх нь нээлттэй, өөрөө сонгоно гээд заачихсан. Гадаадад зорчиж буй иргэд маань бүгд өөрийн хүсэлтээр, сайн дураараа явж байна. Эрээнд байгаа 300 орчим бүсгүй 30 хоногийн хугацаа нь дуусах дөхөөд ирэхээр Замын-Үүдээр хил нэвтрээд өдөртөө буцаад гарч байх жишээтэй. Энэ эмэгтэй яагаад байн байн хилээр орж, гараад байна, ямар зорилготой, юу хийж байна вэ гэдгийг нь Хил хамгаалах газрынхан мэдэж л байгаа. Гэхдээ тэдэнд албадан саатуулж, явуулахгүй гэх эрх байхгүй. Биеэ үнэлэгч охидын арга нь нарийсаад буудалд байрлахаа больсон. Учир нь буудлын эзэн паспортыг нь авчихдаг. Тиймээс олноороо нийлж орон сууц хөлслөн биеэ үнэлж байна. Энэ тухай Гадаад харилцааны яам, тухайн оронд суугаа ЭСЯ-ныхан мэдээлэлтэй байдаг.
П.Оюунчимэг: -Хил даван биеэ үнэлж буй бүсгүйчүүдийг авчирснаар энэ асуудал шийдэгдэхгүй. Олон улсын гэрээ, конвенцид хүн хүсээгүй байхад албадан эх оронд нь авчирч болохгүй гэж заасан байдаг. Монголын цагдаад биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн тухай мэдээлэл байгаад яах юм бэ. Тэд Эрээн, Бээжинд очоод мөрдөн шалгаад, баривчлан, албадан авчрах эрхгүй. Харин тангараг өргөөд улсаа төлөөлөөд ажиллаж буй ЭСЯ-ныхан юу хийж байдаг юм бэ. Очоод уулзахаар тухайн улсад оршин суугаа иргэдийнхээ талаар ямар ч мэдээлэлгүй байдаг юм билээ. Иргэд маань ч ЭСЯ-ны ажилтнууд юу хийдэг, хэний төлөө ямар ажил хийж буй талаар огт мэдээлэлгүй байдаг нь нууц биш. Ажлаа ойлгоогүй, тэнд очоод хэний эрх ашгийг хамгаалах үүрэгтэйгээ мэддэггүй хүмүүс очсоноос монголчууд хохирч, анхаарлын гадна үлдэж байгаа нь үнэн шүү дээ. Энэ асуудалд бодлого дутагдаад байна. Манай улсаас гадаадад сууж буй ЭСЯ-ныхан хариуцлагагүй байгаа тухай олон жишээ би хэлж чадна. Тухайлбал Сөүлд сурч байсан оюутан охины талаар яримаар байна. Охины сууж явсан автобус онхолдож, тахир дутуу болсон. Автобусанд хамт явсан Англи, АНУ, Япон гэх мэт орны хүмүүст нөхөн төлбөр гэж олон зуун сая вонн өгчихөөд манай улсын иргэнд мөнгө өгөхгүй гэсэн байгаа юм. Ээж нь бидэнд хандсанаар албан тоот удаа дараа явуулж байж асуудлыг шийдсэн. Ийм байж болохгүй шүү дээ. Уг нь Сөүлд суугаа ЭСЯ-ныхан иргэнийхээ төлөө явах ёстой. Нөгөө талдаа санхүүгийн асуудал гадаадад төдийгүй эх орондоо байгаа төрийн байгууллагад хүндрэлтэй байна. Сангийн яамны нэг түшмэл тухайн байгууллага, яамнаас нь санал авалгүй шууд төсвийг нь хасчихдаг.
Малайзад монгол хүний амь хохирсон хэргийг шалгуулахаар хүнээ явуулъя гэхээр мөнгө бидэнд байдаггүй. “Хүний эрхийн хөгжил төв”-тэй манай байгууллага хамтраад хүний наймааны гэмт хэргийн талаарх судалгааг 2002 онд хийсэн. Тэр үед хуулийн байгууллагын албан тушаалтан энэ гэмт хэргийн талаар юу ч мэддэггүй байсан. “Хэдэн янхан хүүхэн биеэ үнэлж буйг сүр дуулиан болголоо. Та нар биеэ үнэлэгчдийн эрх ярилаа” гэдэг байсан. Олон улсын гэрээнд тухайн этгээд зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч худалдаалагдсан бол хохирогч болно гэж заасан. Мэдсээр байж биеэ үнэлэхээр явсан хүмүүс хүний наймааны хохирогч биш гэсэн ойлголттой хүмүүс хууль хяналтын байгууллагад олон бий. Энэ ойлголтыг өөрчлөх гэж бид 11 жил ажиллаж байна.
-Танай комисст Б.Энхтуяагийн ар гэрийнхэн хандсан байсан. Та бүхэн хариуцсан чиглэлээр ажлаа эхлүүлсэн байх?
П.Оюунчимэг: -Талийгаачийн ар гэрийнхэн бидэнд хандсан даруй ажиллаж, төрийн олон байгууллагад хандан, шуурхай ажиллаж, ар гэрийг нь Малайз явуулах ямар боломж байгааг судалж эхэлсэн. Бүх асуудал шийдэгдэхийн өмнө тэд төрийн байгууллагууд иргэнийхээ эрх ашгийг хамгаалах талаар ямар ч ажил хийдэггүй юм байна гээд яриад эхэлсэн. Сонинд өгсөн ярилцлагыг нь уншаад урам хугарсан. Үр хүүхдээ цаг бусаар алдсан хүний сэтгэлийг би ойлгож байна л даа. Гэхдээ үнэн бодит мэдээлэл олон нийтэд цацах ёстой байх. Ар гэрийнхнийх нь өгсөн мэдээллийн мөрөөр шалгахад талийгаач 2010 онд сураггүй болсон байсан. Шалгахад Замын-Үүдээс Эрээн рүү гараад удалгүй Сөүл рүү явсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Ах нь дүүгийнхээ ирүүлсэн мессежийг Эрүүгийн цагдаагийнханд үзүүлэхэд “Дүү чинь хар тамхи хэрэглэдэг юм биш үү” гэж хэлсэн цагдаагийн ажилтан байна. Тэр хүнд хохирогч хар тамхи хэрэглэдэг, эсэх нь огт хамаагүй. Гагцхүү иргэндээ цаг алдалгүй туслалцаа үзүүлэх шаардлагатай биз дээ. Энэ тухай бид нуугаад яах юм бэ. Ар гэрийнхэн нь цагдаагаар явж явж, эцэстээ арванхоёрдугаар сарын 5-нд бидэнд хандсан. Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан н.Наранбаатараас өмнө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ар гэрийнхэн нь хандсан байдаг.
Ө.Өнөрмөнх: -Өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуульд хоног хугацааг нь тодорхой заасан байдаг. Төрийн албан хаагч иргэний өргөдлийг авчихаад бүтэн жил шийдэхгүй дарна гэж байхгүй. Талийгаачийн ар гэрийнхэн санх үүгийн боломжгүй гэдгээ хэлж, хүсэлт гаргасныг сайдын зөвлөл хэлэлцээд Гадаадад амь насаа алдсан иргэдэд туслах сангаас мөнгө гаргаж, Малайз руу явах тасалбар авч өгсөн. Гадаадад сууж буй ЭСЯ-ныхны тухай П.Оюунчимэг ярилаа. Тухайн ЭСЯнд Консулын асуудал хариуцсан 1-2 хүн байх жишээтэй. Бээжинд суугаа ЭСЯ-нд Консулын ажилтан нэг л хүн байна. Монголчууд олноороо оршин суугаа, байнга ирж очдог улсад нэг хүн хэдэн зуун мянган монголчуудын асуудлыг хариуцна гэдэг амаргүй. Ачаалал нь хэт их байдаг юм.
А.Бүдханд: -Энэ хэрэгт цагдаагийн байгууллагыг буруутгах үндэсгүй. Бид боломжийнхоо хэрээр ажиллаж байгаа. 2010 онд Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дэргэд Хүн худалдаалах гэмт хэрэг мөрдөх тасаг байгуулсан. Тухайн үед манайх дөрвөн хүнтэй байсан. Тэгвэл одоо бие даасан хэлтэс болсон ч орон тоо нь хэвээрээ байна. Мөрдөн байцаагч н.Наранбаатар энэ төрлийн гэмт хэргийг сайн мэддэг, дадлага туршлагатай, мэдээллийг хурдан шуурхай олдог ажилтан.
-Энэ төрлийн хэргийг хариуцдаг дөрвөн ажилтныг хэд болговол хэргийн гаралт буурах боломжтой вэ?
А.Бүдханд: -Энэ тоог бид тогтоох боломжгүй.
П.Оюунчимэг: -Төсөв хангалттай байх хэрэгтэй. Бид хүний наймааны асуудлаар ярьж байгаа болохоор нэг зүйл хэлмээр байна. Зарим нэг хэвлэлд миний ярих гэж буй үйл явдлыг саяхан болсон мэтээр бичиж байна. Одоогоос жилийн өмнө бид Замын-Үүдэд сургалт зохион байгуулж байхад мэдээлэл ирсэн. Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн харьяат нэг эмэгтэй хятад барилгачинтай гэрлэж, хүү төрүүлээд 15 мянган юанаар зарчихаад ирсэн байсан. Хилээр гарсан иргэдийн мэдээллийг судлаад үзэхээр жилд 40 гаруй мянган хүүхэд гараад, 30 орчим мянга нь эргэж ирсэн байдаг. Хилээр орж ирээгүй хүүхдүүд гадаадад ажиллаж амьдарч байгаа аав, ээж дээрээ очсон, гаднын оронд суралцаж байгаа гэх тайлбар хийдэг ч бид анхаарал хандуулмаар байгаа юм. Түүнээс гадна жирэмсэн эмэгтэй хилээр гараад хүүхдээ төрүүлээд, хүүхэдгүй ирвэл бид ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. “Чиний л асуудал учраас бидэнд хамаагүй” гээд орхиж болохгүй. Монгол хүнээс төрсөн хүүхэд манай улсын харьяат шүү дээ. 2008 оноос хойш энэ асуудлыг ярьж байгаа ч анхаарал хандуулахгүй байна. Асран хамгаалагч нь байгаа эсэхийг тогтоогоод цагаан хуудсаар гаргадаг байсныг өөрчилж паспорт олгодог болсон нь эерэг нөлөө үзүүлэх байх.
-Саяхан холбогдох албаны хүмүүс гадаадад үрчлүүлсэн хүүхдүүдээ эргээд ирсэн байсан?
П.Оюунчимэг: -Жил болгон явдаг гэж бодож байгаа бол үгүй. Анх удаа л эргэж байгаа юм. 70 гаруй оронд үрчлүүлсэн 200 орчим хүүхдүүдийг эргэе гэхэд хэн мөнгийг нь төлөх вэ. Эргэж тойроод байгаа гэдэг ч үнэндээ бол худлаа. Хааяа нэг явахдаа АНУ, Итали гэх зэрэг орныг сонгоно. Хөгжил буурай оронд үрчлүүлсэн хүүхдүүдийг яагаад эргэхгүй байгаа юм бэ.
-Хөгжил буурай оронд үрчлүүлсэн тохиолдол цөөн байдаг юм биш үү?
П.Оюунчимэг: -Цөөнгүй бий.
-Үрчлүүлж буй хүүхдүүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд цөөнгүй байдаг гэсэн?
П.Оюунчимэг: -Итали хүмүүс монгол хүүхэд үрчилж аваад, эх орон руугаа авч явж байхад нь би онгоцонд таарсан. Нэг настай хүүхэд нь Бээжин ортол уйлсан. Өргөж авсан аав нь тэвэрч байгаад сүүлдээ шалан дээр тавьчихсан. Тухайн үед үрчлэлтийн асуудлыг хариуцаж байсан мэргэжилтэнд “Та нар ийм л юм хийж байгаа шүү дээ. Наад хүүхдээ хар даа” гэж хэлж байсан удаатай.
О.Алтангэрэл: -Хүний наймааны хэрэг гэж юу вэ гэдэг талаар ойлголтгүй, зөвхөн биеэ үнэлэгч нарын асуудал мэтээр хардаг хүмүүс олон байна. Энэ чиглэлээр хамтарч ажилладаг цөөн хэдэн хүний хүчээр энэ хэргийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжгүй. Зөвхөн энэ хэргээс гадна авлигын хамгийн боловсронгуй хэлбэр болох мөнгө угаах хэргийг анхаарахгүй бол болохгүй нь. Сүүлийн үед илэрч буй мөнгө угаасан хэргийн мөнгөн дүн нь хамгийн багадаа тэрбум төгрөг. Хар тамхи, мансууруулах бодис зөөгч байсан бол одоо монголчууд хэрэглэгч болчихлоо. Хүний наймааны хэрэг гээд олныг цочирдуулсан хэргүүд ар араасаа гарсаар байна. Энэ хэргийн нэг онцлог нь нууц, зохион байгуулалттайгаар үйлдэгддэг. Бид ярилцаад эдгээр гэмт хэргийг мөрдөх тусгай алба байгуулъя гээд Ажлын хэсэг байгуулсан. Албатай болчихвол энэ төрлийн гэмт хэргийг хариуцсан эзэнтэй болох юм.
-Малайзад амьдарч буй эгч дүү Баянжаргалын Халиун, Баянжаргалын Хулан нар монголчуудыг хар тамхи зөөвөрлөгч болгож, олон иргэнийг насаар нь хохироож байна. Тэднийг яагаад одоо хэр нь саатуулахг үй байна вэ?
Ө.Өнөрмөнх: -2010 оноос тэднийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Энэ оны нэгдүгээр сард Б.Халиуныг нь саатуулсан. Тэрбээр гэртээ хар тамхи их хэмжээгээр хадгалж байсан хэрэгт сэжигтнээр татагдан Малайзын цагдаад шалгуулж байгаа. Б.Хуланг Интерполоор эрэн сурвалжилж байгаа.
-Хүний наймааны хэрэг ихсэж байгаа тухай ярих боллоо. Улсын мөрдөн байцаах газарт “Би хүний наймааны хохирогч болчихлоо” гэж хандсан иргэн хэд байдаг юм бэ?
А.Бүдханд: -Эрүүгийн цагдаагийн газар мэдээлэл аваад хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл манайд шилжүүлсний дараа бид эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. “Би хүний наймааны хохирогч болчихлоо” гэж гомдол гаргасан иргэн байдаггүй. Хохирогч өөрөө ирэх нь тун ховор.
П.Оюунчимэг: Ихэвчлэн аав, ээж, ах, дүү, хамаатан садан нь өргөдөл гаргадаг. Хохирогчийг дуудахаар ирдэггүй. Энэ нь хэвлэл мэдээлийн хэрэгслээр хохирогчийг зурагтай нь гаргаснаас болдог. Тухайн хүний нууцыг хадгалах ёстой гэж хуульчилсан байхад олон нийтэд цацаж, цаашид ажиллаж, амьдрах боломжийг нь хаадаг. Манайд хандсан хүмүүс ч “Энэ мэдээлэл танайд л байх ёстой. Өөр газарт битгий өгөөрэй” гэж гуйдаг.
-УМБГ энэ төрлийн хэчнээн хэрэг илрүүлж шалгав. Хохирогчдын насны байдал ямар байна вэ. Хохирогч заримдаа холбогдогч болох ч тал байдаг?
А.Бүдханд: -Анхандаа хохирогч байсан хүн мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн холбогдогч болох нь бий. Гэхдээ тохиолдол бүр ийм биш. Хохирогчдын хамгийн бага нь 15 настай хүүхэд. 25, 30, 40 настай гээд хохирсон бүсгүйчүүд цөөнгүй бий. Ар гэрийнх нь амьдрал тааруухан, хохирлоо гэхэд араас нь хөөцөлдөх хүнгүй хүмүүс мөнгө олох зорилгоор бусдын үгэнд автан хохирогч болж байна. Тэгэхээр өөрөө зөвшөөрсөн эсэхийг нь үл харгалзан тухайн иргэн хүн худалдах гэмт хэргийн хохирогч гэх заалтыг Эрүүгийн хуульд оруулах ёстой.
-Энэ жил энэ төрлийн хэчнээн хэргийг шалгасан бэ?
А.Бүдханд: -Энэ жил 13 хэрэгт дөрвөн эмэгтэй холбогдсон. Бусад нь эрэгтэй хүмүүс.
-Хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдсон эрэгтэйчүүд цөөнгүй. Харин хохирогч болсон эрэгтэй хүн байна уу?
А.Бүдханд: -Ихэвчлэн зуучлагч нь эрэгтэй хүмүүс байна. Хохирогч болсон эрэгтэй хүн бий.
П.Оюунчимэг: -Манай Эрүүгийн хуульд хүчингийн гэмт хэргийн хохирогч нь эмэгтэй хүн байна гээд заачихсан. Гэтэл өсвөр насны эрэгтэй хүүхдүүд хүчиндүүлээд сэтгэцийн өөрчлөлттэй болж, хохирсон тохиолдол байна. Хүн сонсохоос ч жигшмээр энэ хэргийг шүүхээр хэлэлцээд хүчингүй болгодог. Яагаад гэвэл хохирогч нь эмэгтэй байх ёстой гэж заасан болохоор тэр. Тэгэхээр гэмт хэрэгтэн завшаад, өсвөр насны хөвгүүд хохирч үлдсээр байх уу гэдгийг бодох ёстой.
-Охидыг биеэ үнэлэхэд уруу татдаг нууц бүлэг манайд цөөнгүй байдаг гэсэн. Мөрдөн байцаах газар энэ төрлийн бүлэглэлийг илр үүлж чадсан уу?
А.Бүдханд: -Энэ төрлийн гэмт хэрэг цөөнгүй гарч, хэргийг эцэслэн шийдвэрлэж байна. 2007-2008 оны үеийн н.Манлайбаатарын хэргийг хүмүүс санаж байгаа байх. Тэрбээр гэр хороололд амьдардаг, ядуу амьдралтай, эцэг эх нь анхаарал тавьдаггүй охидыг тусгай байранд байлгаж, бусдад биеийг нь үнэлүүлж амьдардаг байсныг илрүүлж, зохих ялыг оноосон. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон охидын хувийн байдлыг тогтоох шаардлага гардаг. Гэрээр нь очиход өвлийн хүйтэнд түлэх түлшгүй, нүүрсгүй, хана нь цантсан шавар байшинд бие биеийнхээ илчинд дулаацаад хэвтэж байх тохиолдол байна.
Охид нь тэр байдлыг тэвчилгүй биеэ үнэлээд, буудлаар гэр хийдэг байх жишээтэй. Журмаараа бол 21 нас хүрээгүй хүнд зочид буудал үйлчлэхгүй байх ёстой. Борооны дараах мөөг адил олон болсон буудлуудыг цэгцлэх ажлыг шуурхай хиймээр байна. Буудлын хүлээн авагч дэвтэр хөтөлдөг ч ямар ч мэдээлэлгүй, ор нэр төдий л бөглөдөг. Зочны бүртгэлийн дэвтэр стандарттай байх хэрэгтэй.
П.Оюунчимэг: -Хүн худалдаалах гэмт хэрэг гарахад нийгэм, эдийн засаг, улс төрийн хүчин зүйл нөлөөлдөг. Нийгэм, эдийн засгийн хүчин зүйл бол ойлгомжтой. Хууль тогтоогчид тухайн асуудалд мэдрэмжтэй хандаагүй тохиолдолд эрх зүйн орчин боловсронгуй болохгүй. Тиймээс улс төрийн хүчин зүйл энэ болж байгаа юм. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуульд захиргааны бүх байгууллагад үүрэг оноосон ч хийсэн ажил байхгүй. Түүнээс гадна гадаадад нас барсан иргэний шарилыг тэр байгууллага хариуцаад, ингэж авчирна гэсэн ганц ч үг, өгүүлбэр хуульд байхгүй.
Ө.Өнөрмөнх: -Гадаадад хүний амь хохирсон үед ГХЯ, ХЗЯ, ХЭҮК хамтран ажилладаг. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг иргэдэд шуурхай хүргэхэд сэтгүүлч та бүхний үүрэг чухал байдаг. Хүн хүсвэл хаашаа ч явах боломж нээлттэй болсон. Тиймээс иргэд маань өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах ёстой.
-Монгол Улсын иргэд гадаадад хохирсон, одоо шалгаж буй хэрэг олон байдаг уу?
Ө.Өнөрмөнх: -Хүнд нөхцөлд байгаа иргэд бий. Филиппин рүү 1996 онд яваад бичиг баримт байхгүйн улмаас өнөөг хүртэл ирээгүй хүмүүс байна. Хулгай хийж яваад баригдаад, шоронд төрсөн эмэгтэй ч бий. Манай ЭСЯ-ны ажилтнууд хөөцөлдөөд суллах болоход өмнө нь үйлдсэн гэмт хэрэг нь илрээд, дахиад л шүүхийн хаалга татах болоод байна.
-Ш.Алтантуяагийн амь нас хохироод олон жил болж байна. Малайзын шүүх энэ хэргийг зохион байгуулсан Багиндаг гэм буруугүй гэж шийдсэн. Дараа нь гэм буруутай гэж байсан цагдаагийн хоёр ажилтны хэргийг хэрэгсэхг үй болгочихлоо. Бид тэдний гаргасан шийдвэрийг хүлээн зөвш өөрөөд суусаар байх уу?
О.Алтангэрэл: -Бид асуудлыг орхиогүй. Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар ахалж буй. Бид ойр ойрхон уулзаж, ямар аргаар хэрхэн ажлаа эхлүүлэх тухай ярилцаж байна. Ноцтой асуудалд бид хөнгөн хандаж болохгүй.
-Бид багагүй хугацаанд ярилцлаа. Хүний наймааны хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил хийх хэрэгтэй байгаа талаар та бүхэн саналаа хэлнэ үү?
П.Оюунчимэг: -Энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулагчид ямар замаар бүсгүйчүүдийг татдаг, яаж гэмт хэрэг үйлддэг талаар сургалт байнга зохион байгуулж баймаар байна. Энэ ажилд сэтгүүлчид идэвхтэй оролцож, туслахыг уриалж байна. Түүнээс гадна Хүний эрхийн комисс хараат бус, бие даасан санхүүгийн чадавхитай байх ёстой.
Ө.Өнөрмөнх: -Болдог бол гадаадад биеэ үнэлдэг бүх хүмүүсийг аваад ирэхсэн. Эрээнд биеэ үнэлж буй бүсгүйчүүд Консулын машиныг хараад зугатчихдаг.
А.Бүдханд: -Сүүлийн үед гадаадад амьдарч буй иргэд маань гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэж байна. Хууль хяналтын байгууллагаас гадна эцэг эхчүүд хариуцлагатай байх хэрэгтэй. Зарим хүн хүүхдээ аль улс руу, ямар зорилгоор явж буйг мэддэггүй. Ерөнхий боловсролын сургуулийн болон хороодын нийгмийн ажилтан сайн ажиллаж, хүүхдүүдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах хэрэгтэй байна.
ТЭМДЭГЛЭСЭН Х.ОЮУНСҮРЭН, Ч.МӨНХЗУЛ