Гаалийн байгууллагын удирдлага байгууллагадаа дотоод аудит хийн, нэлээд зөрчил илрүүлжээ. Албан үүрэгтээ хайнга хандсан, албан тушаалаа урвуулан ашигласан, дотоод журам зөрчсөн, төрийн албан хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулсан, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, бусдын бараа бүтээгдэхүүнийг гаалиар татваргүй нэвтрүүлэхийг завдсан гаалийн 32 улсын байцаагчид ГЕГ-ын даргын тушаалаар хариуцлага тооцсон байна. Тэдний 12-ыг ажлаас халж, тавынх нь зэрэг дэвийг, хоёрынх нь албан тушаалыг бууруулан, гурвынх нь гаалийн улсын байцаагчийн эрхийг хассан бол 10 хүнд сануулга өглөө. Орон нутаг дахь гаалийн газар, хорооны дарга нар таван байцаагчийнхаа зэрэг дэвийг бууруулж, гурван ажилтны цалинг хасан, 36 хүнд сануулах арга хэмжээ авав. 2013 онд сахилгын шийтгэл хүлээсэн гаальчдын тоо гаалийн нийт байцаагчийн 6.9 хувийг эзэлж байгаа аж.
Х.БОЛОР