Малайзад амиа алдсан Б.Энхтуяаг хүний наймаачдад худалдсан байж болзошгүй эгч дүүс Монголд иржээ. Тэд Б.Энхтуяаг малайзуудаас зугтаж явахад нь гэртээ түр орогнуулж, гадаад паспорт гаргаж өгөх нэрийдлээр Монголоос иргэний үнэмлэхний хуулбарыг нь авахуулж байсан юм. Тэдний талаар Б.Энхтуяа анх “Хоёр ихэр охин, нэг эгчтэй танилцаад гэрт нь хамт амьдарч байна” гэж гэрийнхэндээ мэдэгдсэн бол удалгүй “Энэ охид намайг танихгүй царайлаад дуугарахаа байлаа. Хүн зардаг юм шиг байна” гэж ярьсан байдаг. Үүний дараахан тэд Б.Энхтуяаг Сингапурын нисэх онгоцонд суулгахаар чирсэн ч тэрбээр мултарч чадсан гэдэг. Энэ талаар талийгаачийн ах Б.Батзоригтой Малайз явахаас нь өмнө ярилцлаа.
-Дүүг чинь Малайзын хүний наймаачдад зарсан байж болзошгүй ихрүүд Монголд ирснийг яаж мэдсэн юм бэ?
-“Монгол HD” телевизээр ярилцлага өгч байсан.
-Тэр эмэгтэйн царайг телевизээр харуулсан гэж үү?
-Үгүй л дээ. Нүүр царайг нь танигдахгүй болгосон байсан ч манай гэрийнхэн бүгд таньсан. Эрүү нь андашгүй байна лээ. Дүү минь амьд байхдаа “Энэ хоёр эмэгтэй хүн наймаалж мөнгө олдог бололтой” гээд гэрэл зургийг нь явуулж байсан юм. Тэдний зураг бидэнд байгаа. Тэгэхээр бид түүнийг танилгүй яах вэ. Дүүг минь “Б.Энхтуяаг хар тамхи хэрэглээд байхаар нь “Хар тамхи татахаа болихгүй бол бид чамтай хамт амьдарч чадахгүй” гэж хэлсэн чинь хувцсаа үүрээд гараад явсан. Яасныг мэдэхгүй” гэж ярьж байна лээ. Миний дүү Монголд байхдаа хар тамхи хэрэглэж байгаагүй. Малайзад очоод хэрэглэдэг болсон бол тэр ихэр эмэгтэй л малайзчуудтай нийлж, хар тамхи хэрэглүүлсэн байх. Тэгээд ч миний дүү тэдний гэрээс яваагүй, тэд малайзчуудад зарсныг дүү минь амьд байхдаа хэлж байсан. Тэгэхээр тэр хар тамхины тухай яриа нь худал.
-Монголд хэзээ ирсэн юм бол?
-Арванхоёрдугаар сарын 4-нд ирсэн гэж байна лээ.
-Манай цагдаагийнхан тэр эмэгтэйг шалгаагүй байгаа юм билээ.
-Харин би үүнийг л гайхаад байна. Тэр эмэгтэйчүүдийн зураг, тэдний талаар дүүгийн маань өгч байсан мэдээлэл, мессеж, утсаар ярьсан бичлэг гээд нотлох бүхий л баримтыг бид Эрүүгийн цагдаагийн газарт өөрсдөө аваачиж өгсөн. Шалгах л байлгүй гэж найдах юм. Шалгах гэсээр байгаад бас хугацаа алдах байх аа даа. Монголд ирчихээд тэр эмэгтэй ийм чөлөөтэй, завтай явж байхыг бодоход шалгахгүй ч байж мэднэ.