“Жаст” группийн захирал Ш.Батхүүг өнгөрсөн наймдугаар сард хуурамч бичиг баримт үйлдэж, бусдыг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсноос хойш дөрвөн сар өнгөрч байна. Түүнийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын гарын үсгийг дуурайлган зурж, баталгаа гарган, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар залилан авсан хэрэгт буруутгаж буй бөгөөд Ш.Батхүү бичиг баримт хуурамчаар үйлдсэнээ мөрдөн байцаагчдад мэдүүлсэн гэдэг. Уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж буй.
Яллагдагчаар татагдсан Ш.Батхүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас гаргаж, энгийн эмнэлэгт хэвтүүлсэн гэнэ. Энэ талаар НПГ-ын эх сурвалж “Зарим цахим хуудаст өчигдөр Ш.Батхүүг батлан даалтад гаргасан талаар ташаа мэдээлэл гарсан байна. Түүнийг батлан даалтад гаргаагүй. Харин эмч нарын зөвлөлгөөний шийдвэрээр III шатны эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан тул Цагдан хорих төвөөс УКТЭ-т шилжүүлсэн. Өдгөө цагдаагийн ажилтнууд түүнийг хэн нэгэнтэй уулзуулахгүй, эмчлэгч эмч, сувилагч нараас өөр хүн оруулахгүйгээр хянаж байгаа. Түүний хууч нь сэдэрсэн тул III шатны эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай болсон ” гэлээ.
Г.РАВЖАА