Цагаан тахал хэмээх хар тамхины золиос болж буй залуусын тоо жилээс жилд олширч байгаа талаар төрийн бус болон хууль хяналтын байгууллагынхан мэдээлж, цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэрэндээ л ажиллаж буй ч хүрээ нь багасахгүй байна. Энэ жилийн байдлаар хууль хяналтын байгууллага хар тамхитай холбоотой 30-аад хэрэг шалгаж, шүүхээр заримыг нь шийдвэрлэжээ. Энэ тоо жил бүр нэмэгдэж ирэв.
УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх тасаг, ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн хамтран, жил бүрийн намар мансууруулах төрлийн өвс их хэмжээгээр ургадаг Дархан-Уул, Орхон, Сэлэнгийн бүс нутагт өвс устгадаг ч каннабис хэрэглэгч хүүхэд залуусын тоо цөөрсөнгүй. Устгалыг гурван жил дараалан хийхэд уг ургамал устдаг гэж мэргэжлийн байгуулагынхан хэлдэг ч их хэмжээний мөнгө, санхүү шаардагдах тул төсөв муутай цагдаагийн байгууллагынхан өөрсдөө л түүж устгахаас өөр арга хэмжээ авч чаддаггүй аж.
Манай улсад гарсан хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүдийн 50 орчим хувь нь зэрлэг олсны ургамал олж авсан, хадгалсан, түүж бэлтгэсэн, бусдад борлуулсан байдаг. Тиймээс сэтгэцэд нөлөөт бодис агуулсан олсны төрлийн ургамлыг нь (каннабис) устгавал гэмт хэрэг 50 хувь буурах магадлалтай. Мөн ахуйн хэрэглээний хийг насанд хүрээгүй хүүхдүүдэд худалдахгүй байх, аюулгүй байдлыг нь хангасан тусгай цэгээр борлуулах талаар 2010 онд нийслэлийн ИТХ-аас журам гаргасныг холбогдох байгууллагууд хэрэгжүүлэхгүй, биелэлтэд нь хяналт тавихгүй байгаагаас ахуйн хэрэглээний хийнд хүүхэд хордон, хорвоогоос халих, эрүүл мэндээрээ хохирох явдал жил бүр гарсаар буй нь харамсалтай. Иймээс зохих байгууллагуудад нь мөрдөн байцаагч нар мэдэгдэл бичиж, арга хэмжээ авснаар сүүлийн үед энэ төрлийн хэрэг, зөрчил буурч байгаа гэх. Гэтэл хар тамхины хар зах улам бүр даяарчлагдаж, Монгол Улсын минь хаалгыг тогшдог байсан бол одоо хатавчинд суух болсон. Хил, залгаа орнууд хар тамхины хууль бус бизнес энэ төрлийн гэмт хэрэгтэйгээ хатуу тэмцэж буй ч манай иргэдийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ахархан бодол, сониуч зан монгол залуусыг үхлийн цаламд толгойгоо өөрсдөө шургуулахад хүргэх болсон.
ЭРЭЭН ДЭХ МОНГОЛ БИЕЭ ҮНЭЛЭГЧИД ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИН ГЭВ ҮҮ
БНХАУ, Малайз, Макао зэрэг Зүүн өмнөд Азийн хар тамхины “Алтан гурвалжин” гэмт бүлэглэлд элсэж, нутаг нэгтнүүдээ золиослогч Б.Хулан, Б.Халиун нарын даалгавраар героин залгих бизнест монголчууд нэг хэсэг хөл алдаж, харь улсын шүүхээс зарим нь цаазаар авах ял, нэг хэсэг нь хугацаагүй, цөөнгүй хүн бүх насаараа хорих ял сонсож, эдэлж буй. Хэдийгээр ийм ажил хийнэ гэж мэдээгүй хэмээн хууль хяналтынханд мэдүүлдэг ч мэдсээр байж мөнгөний төлөө удаа дараа явж, тухайн орны хууль хяналтынханд баригдсан хүн ч байдаг. Хар тамхи тээвэрлэсэн иргэдийг илрүүлэн, зохих арга хэмжээ авснаар сүүлийн хоёр жилд БНХАУ-д хар тамхины хэрэгт манай иргэд холбогдоогүй нь сайшаалтай. Өмнөх жилүүдэд монголчууд төдийгүй, ядуу буурай орны иргэд хар тамхины мафийн золиос болж, өмнөд хөршид олноороо баригдаж байсан учир нь тус улсын хил, гаалийнхан рентген төхөөрөмжөөр хүний биеийг нэвт хардаг, ходоод, гэдсэнд байгаа цагаан нунтгийг илрүүлдэг болжээ. Мөн онгоцны үйлчлэгч нар нислэгийн туршид хоол унд огт идэхгүй, сэжигтэй байгаа хүнийг хуулийнханд мэдэгддэг болсон аж. Гэвч хар тамхины “хар зах”-ын том наймаачдын арга улам башир болж, гадаад хэл сурах, улс орон үзэх зэрэг гадаадын бүх зүйлийг сайн сайхан гэж боддог монгол залуусын гэнэн итгэмтгий занг ашиглан интэрнетээр танилцаж бага хэмжээний мөнгө явуулж урхидан брэндийн бараа зөөлгөх нэрээр хар тамхи нуусан цүнх дамжуулан өгөх аргыг сэдэх болсон. Хятад, Хонконг, Малайз, Монгол гээд олон орноор дамждаг хар бизнесийн золиос болж, 140 гаруй удаа брэндийн бараа нэртэй хар тамхи тээвэрлэсэн 40-50 хүнд холбогдох хэргийг цагдаагийнхан илрүүлж, шүүхэд шилжүүлсэн. Гэвч “Цагаан тахал”- ын наймаачдын бараагаа борлуулах арга улам бүр нарийн болж байна.
УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх тасгийнхан Хилийн тагнуулын алба, ЭЦГ-ынхантай хамтран Замын-Үүдэд ажиллаж, хар тамхи халааслан Монголын гаалиар хяналтгүй орж гардаг Б гэх залууг илрүүлэн шалгаж байгаа. Түүний дараа дахин нэг эрийг саатуулсан. Тэдний халаасалж явсан “Ice” буюу “мөс” гэж нэрлэдэг, нийлэг аргаар гаргаж авсан хар тамхи нь нэг грамм ч хүрэхгүй. Ийм бага хэмжээгээр мансууруулах бодис хилээр оруулж ирсэн нь гэмт хэрэг биш гэх хүн байгаа нь хачирхалтай. БНХАУ-д нэг грамм хүрэхгүй хэмжээтэй хар тамхи биедээ авч яваад хууль хяналтынханд баригдвал торгуулиад л өнгөрнө. Харин манай улсын Эрүүгийн хуульд мансууруулах бодис хууль бусаар олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулахад хэмжээ заагаагүй. Тиймээс мансууруулах бодис тээвэрлэсэн бол ял шийтгэх ёстой.
БНХАУ-д нэг грамм хүрэхгүй хар тамхи авч явахыг хориглодоггүй учраас тус улсын Монгол Улсад орж гарах өргөн үүд болсон Эрээн хотод эм шиг хэмжээтэй хар тамхи халааслагчид олон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ялангуяа, тэнд биеэ үнэлдэг монгол бүсгүйчүүд үйлчлүүлэгчидтэйгээ нийлж хэрэглэдэг гэх мэдээлэл бий. Хэрэв энэ үнэн бол манай улс хил, гаалийн хяналтаа чангатгаж, хяналт тавих тоног төхөөрөмжөө сайжруулах шаардлагатай байна. Зэрлэг олсны ургамлаас бусад төрлийн хар тамхи, мансууруулах бодис боловсруулдаг лаборатори манай улсад одоогоор бүртгэгдээгүй тул бүх ийм төрлийн бодис хил, гаалиар орж ирдэг гэж үздэг. Үүнийг таслан зогсоовол хар тамхитай холбоотой хэргийн 50 орчим хувь нь буурна гэсэн үг.
ШУУДАНГИЙН “МАРК” ХЭМЭЭХ МАНСУУРУУЛАХ БОДИС ЗАХИАЛАГЧ ЗАЛУУС “ААВЫН ХААЛГА” ТАТАХ УУ
Хил, гаалийн хяналт сул, рентген тоног төхөөрөмж нь хоцрогдсон байдгийг далимдуулан, хар тамхины худалдаа эрхэлдэг зохион байгуулалттай бүлэглэлүүд манай улсад хар тамхи оруулж ирэх нэгэн арга сэдсэн байжээ. Тэр нь цахим хуудсаар дамжуулан өөр нэг улсад буй “клиент”-дээ захиалга өгч, шуудангийн илгээмжээр авах. Тэгэхдээ төлбөрийг нь банкны олон улсын гүйлгээ ашиглан хийдэг байж. Ингэж захиалж авдаг 10-аад залууг УМБГ-т шалгаж, өдгөө НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх болсон талаарх мэдээллийг бид олж авлаа. Цахим орчинд хар тамхи мансууруулах бодис худалддаг хуудас байсан бөгөөд манай залуус тухайн хаягаар орж захиалга өгдөг байжээ. Захиалгыг нь олон улсын шуудан илгээмж, эсвэл захидал хэлбэрээр Монгол Улс руу оруулдаг байж. Илгээмж дотор хайрцагтай эм байх бөгөөд тэр нь мансууруулах үйлчилгээтэй бодис гэнэ. Харин захидалд нийлэг аргаар гаргаж авсан “мөс”-ийг хэв, дардсанд оруулан марк хэлбэртэй болгоод илгээж байсан гэнэ. Захиалагч, хар тамхинд донтогч залуус уг маркийг хэрэглэн мансуурдаг байсан нь шалгалтаар тогтоогджээ. Хэдийгээр хүний захидал харилцааны нууц гэдэг байдлаар илгээмжийг үзэх эрхг үй ч энэ тохиолдолд хар тамхи илр үүлэх тоног төх өөр өмж зайлшгүй шаардлагатай байна.
Азаар Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага мансууруулах бодис худалддаг цахим хаягийг нь устгуулснаар кибер орчинд хар тамхи худалддаг гэмт хэрэг Монголд төдийгүй, олон улсад ч харьцангуй багасаж буй аж.