Татварын ерөнхий газраас энэ онд хийсэн судалгаа, шинжилгээгээр НӨАТ-ын хий бичилт хийж, улсад их хэмжээний хохирол учруулсан, учруулсан байж болзошгүй хэд хэдэн тохиолдол илрүүлсэн талаар тус агентлагийн дарга Т.Батмагнай мэдээллээ. Хуурамч падааны зөрчилтэй аж ахуйн нэгж, иргэдийг илрүүлэх байнгын ажиллагаатай нэгжийг өнгөрөгч есдүгээр сард байгуулан, тодорхой аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын падааны бичилтийг хааж, тайлагнах эрхийг нь түдгэлзүүлж, эхэлжээ. Үүний үр дүнд 90 аж ахуйн нэгжийн НӨАТ-ын падааны тайлагналтын эрхийг түтгэлзүүлж, зөрчилтэй байж болзошгүй 60 аж ахуйн нэгжийг судалж байгаа аж. Эдгээрээс НӨАТ-ын падаан зарсан нь батлагдсан 40 аж ахуйн нэгжийн тайланд шинжилгээ хийхэд нийт 319.3 тэрбум төгрөгийн борлуулалтын бичилт хийсэн боловч нэг ч төгрөгийн татвар улсад төлөөгүй аж.
Энэхүү 319.3 тэрбум төгрөгөөс аж ахуйн нэгжүүдийн хоорондоо бичсэн бичилтийг хасвал 134.3 тэрбум төгрөгийн цэвэр борлуулалт хийсэн байх магадлалтай аж. Ингэж тооцвол эдгээр аж ахуйн нэгж 13.4 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийжээ. Дээрх зөрчилтэй холбогдуулан судалгаа, хяналтын гурван Ажлын хэсэг байгуулж, хуурамч падаан түгээсэн гурван аж ахуйн нэгжийн падааныг хянасан байна. Ингэхэд энэхүү гурван аж ахуйн нэгжтэй 832 аж ахуйн нэгж хуурамч падаанаар нь холбогдсон байна. Эдгээрээс 258-ынх нь тайланд засвар хийх байдлаар татварыг нь нөхөн төлүүлснээр 1.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж чаджээ. Мөн 2011, 2012 онд гаргасан зөрчилд нь 709.6 сая төгрөгийн акт тогтоосон байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад падааны хуурамч бичилт, хуурамч хасалт хийж буй аж ахуйн нэгж нь хоёр төрлийн зөрчил гаргасан гэж Т.Батмагнай онцолсон. Эдгээр аж ахуйн нэгжүүд ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн падаанд хуурамч бичилт хийж байгаа нийтлэг байдал илэрсэн бөгөөд ингэхдээ ихэвчлэн амьдралын боломж тааруу, боловсрол нимгэн иргэд болон иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, бүр нас барсан хүний нэр дээр компани байгуулсан байжээ.
Тухайлбал, хуурамч падаан бичих зорилгоор нэг иргэний нэр дээр 32 компани байгуулсан тохиолдлыг илрүүлсэн байна. Доод тал нь нэг тэрбум, дээд тал нь 10 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүний бичилт хийсэн энэхүү 32 компанийг Л.Эрдэнэтуяа, Л.Эрдэнэсувд, Б.Нямс үрэн гэсэн гурван иргэний нэр дээр байгуулсныг эдгээр иргэд нь ч өөрсдөө мэдээгүй байсан аж. Тэдэнд компани бүрийн тоогоор 20 мянган төгрөгийн урамшуулал өгснийг ч тогтоожээ. Мөн давхар падааны хуурамч бичилт хийж байгаа зөрчилтэй аж ахуйн нэгж үүд байгаагийн ихэнх нь бага мөнг өөр үйл ажиллагаа явуулдаг боловч хуурамч бичилтээр олон тэрбум төгрөгийн борлуулалтын падаан бичдэг нь тогтоогджээ. Дашрамд дурдахад, Татварын ерөнхий хуулийн дагуу учруулсан хохирлын хэмжээ 175 сая төгрөгөөс ихгүй бол татварыг нь нөхөн төлүүлж, хохирлын 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг аж. Харин хохирлын хэмжээ 175 сая төгрөгөөс давсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна.
Улсын хэмжээнд НӨАТ төлөгч гэсэн бүртгэлтэй 20 мянга орчим аж ахуйн нэгж байдаг аж. НӨАТ-аас энэ онд 724.1 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой ч дөнгөж 551 тэрбумыг цуглуулах зорилттой ажиллаж байгаагаа Т.Батмагнай дарга дуулгалаа. Энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа барилгын салбарт түлхүү ажиглагдаж байгаа гэнэ. Татварын ерөнхий газар өнгөрөгч тавдугаар сараас цахим тайлангийн системээр дамжуулан татвар төлөгчдөд зөрчилтэй байж болох мэдээллүүдийг хүргүүлэн, зөрчилтэй бол татвар төлөгчөөрөө зөрчлөө арилган тайлагнах боломжтой шинэ программ нэвтрүүлсэн байна. Мөн өнгөрөгч наймдугаар сараас ухаалаг гар утасны программаар дамжуулан НӨАТ төлөгч иргэн, хуулийн этгээд, хуурамч НӨАТ-ын падааны зөрчилтэй татвар төлөгч, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгж болон татварын албанаас эрэн сурвалжилж байгаа татвар төлөгчдийн жагсаалтуудаас хайлт хийх боломж бий болгожээ. Цахим тайлангийн системээр дамжуулан хуурамч падаан ашигласан дээрх татвар төлөгчдийн мэдээллийг 2014 оны нэгдүгээр сараас мэдээлэх юм байна.
Б.НОМИН